Ерөнхийлөгч

Өнгөрсөн сард Улаанбаатар хотод 895 удаа газар хөдөлжээ

М.Энхмаа
2015-10-08 19:32

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Газар хөдлөлтийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : Өнгөрсөн бямба гарагт 4,4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон нь дохио өгч байгаа хэрэг гэж үзэж байна. Манай ШУ-ны байгууллагууд 6 газарт байнга ажиглалт тавьж, хяналт хийдэг. Гэхдээ саяын тохиолдолд урьдчилан мэдэх боломжгүй байсан. Урьдчилан тооцоолж болдог, урьдчилан тооцоолж болдоггүй газар хөдлөлт гэж бий. Газар хөдлөлтийг урьдчилан тооцоолох боломжгүй гэдэг нь 90 хувийг эзэлж байна.

Эндээс бэлтгэл чухал гэдэг нь харагдаж байна. Улаанбаатарт 6,4 -өөс дээш магнитутын газар хөдөлвөл нийт барилга байгууламжийн 20-40 хувь нь нуран унах магадлалтай байна. 7 магнитудаас дээш хэмжээтэй газар хөдлөх магадлал Улаанбаатар хотод их ойрхон байгааг ШУА-аас мэдээлж байна.

Газар хөдлөлөө гэхэд тухайн нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатай даван туулах талаар бид урьдчилан тооцоолох хэрэгтэй. Хамгийн гол нь ард иргэдийн газар хөдлөлтөөс хэрхэн амь гарах, өөрийгөө хэрхэн хамгаалах тухай мэдлэг чухал. Хувь, хувьсгалын гэлтгүй байгууллага бүр, айл бүр Газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллах  төлөвлөгөө, бэлтгэлтэй байх хэрэгтэй.

ОБЕГ нь Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган ажилладаг юм байна.

ОБЕГ-аас гаргасан судалгаагаар  Улаанбаатар хот орчимд 2000-2005 онд жилд 200 орчим удаа газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол 2005 оноос хойш 400 удаа, 2013 онд 2148 гэхчлэн өссөн байна.

Зөвхөн 2015 оны 9-р сард УБ хот орчимд 895 удаа газар хөдлөлт бүртгэгджээ.

Мөн Улаанбаатар хотын 3133 барилгын 416-д  үнэлгээ хийснээс 116 барилга газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Улсын хэмжээнд 700 шахам сургуульд үнэлгээ хийснээс 78 нь газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 512 эмнэлгээс 146 нь газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй ажээ. 401 Соёл урлагийн барилгаас 194 барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үнэлгээ гарсан байна.