Ц.Баярсайхан : Нэг төгрөг олсон бол нэг төгрөг зарцуулдаг тэр л зарчим руу шилжих ёстой
УИХ-ын чуулганаар 2015 оны төсвийн тодотгол, 2016,2017 оны төсвийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна.Хууль санаачлагчийн илтгэлийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсаны дараа гишүүд асуулт асууж, өөрсдийн байр суурийг илэрхийлжээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан :
Төсвийн тодотголыг ярьж байгаа нь эдийн засаг бодит хөрсөн дээрээ бууж байна л гэж харж байна. Ерөнхийдөө ЗГ-аас өргөн барьсан төсвийг УИХ хэлэлцэхдээ танигдахгүй болтол нь өөрчилдөг
. Дээр нь хөрөнгө оруулалтыг гишүүдийн нэрээр, тойргоор хийж нэмэгдүүлдэг. Зураг төсөлгүй баахан барилгууд оруулдаг. 10 сая, 500 сая, тэрбумын эхлэлтэй зүйлс л өнөөдөр яваад байна. Тэрийг зарим улстөрчид нь авилгалтай төсөв энэ тэр гээд нэрлэдэг. Одоо 2004 оноос эхэлсэн барилгууд дуусаагүй л явж байна. Монгол улс уул уурхайн орон боллоо л гээд байсан. Хамгийн суурь хөрөнгө оруулалтыг татах хайгуулынхаа зөвшөөрлийг 4 жил зогсоочихсон. Үүнээс болоод уул уурхайд гадны хөрөнгө оруулалт бараг байхгүй болчихсон.
Дотооддоо тодорхой хэмжээний материалыг үйлдвэрлээд ирэхээр импортын татвар буурах зүй тогтолтой ш тээ. Дээр нь цалин тэтгэврийг үндэслэлгүй нэмсэн. Амласан мөнгөө аврахын тулд өр тавьсан. Тэр өрийг яагаад ярихгүй байгаа юм.
Монгол улсын төсөв хөрсөн дээрээ буусан энэ үед цаашид юу хийхээ улстөржихгүйгээр ярих хэрэгтэй
. Хамгийн түрүүнд орлогоо зөв төлөвлөх ёстой. Төсвийн орлого юунаас болж 900 гаруй тэрбум төгрөгөөр тасарсныг дүн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй. Баахан зардал тавьчихаад орлогоо хий нэмдэг. Тэр байтугай хувьчлалын хөтөлбөр батлагдаагүй байхад хувьчлалаас тэдэн төгрөг олно гээд л тавьдаг. Тиймээс би 2, 3 санал хэлье гэж бодож байна.
- Түүхий эдийг түшиглэж үнийг үндэслэлгүй үнэлдгээ больж төсвийн тогтвортой байдлынхаа тухай хуулийг мөрдөөд үнийг тогтвортой тооцож өсөлт гарах юм бол тогтворжуулах сандаа орлогоо төвлөрүүлж хуримтлал бий болгох.
- Төсвийн орлогоо зөв төлөвлөх ёстой.
Нэг төгрөг олсон бол нэг төгрөг зарцуулдаг тэр л зарчим руу шилжих ёстой.
- 11 сарын 20 гээд бараг төсөв баталчих байх. Тиймээс тендерынхээ хуульд өөрчлөлт оруулж зураг төсөлтэй объектуудыг хөрөнгө оруулалтандаа суулгахын зэрэгцээ нэг сар гэхэд бүх бүх тендер зарлагдаж дуусаад сонгон шалгаруулалтаа хийчихсэн байх ийм нөхцлийг хуулиндаа оруулж өгөх хэрэгтэй.
Яриад байгаа хямралынхаа нөхцөл байдалд анализ хийх хэрэгтэй. Бодит бололцоо юу байна. Хямралыг даван туулахын тулд ажлын байрыг хадгалж үлдэх нь чухал.
Энэ нь ялангуяа хувийн хэвшил, үйлчилгээний байгууллагуудад хамааралтай. Үүнтэй холбоотойгоор яриад байгаа төрийн данхар бүтцээ багасгаж бууруулах шаардлага байна. Бид эдгээр зүйлүүдийг анхаарахгүй бол төсөв дээр дахиад л тодотгол хийнэ. Тэгэхээр төсвийнхөө төлөвлөлтийг л оновчтой болгох шаардлага байна.