Улсын их хурал

Ч.Сайханбилэг : "Оюу Толгой" ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлдэг

М.Энхмаа
2015-10-09 09:28

Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонслоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн мэдээллийг хүргэж байна.  

Оюу Толгой” ХХК зэс хайлуулах үйлдвэртэй холбоотой судалгааны ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Монголын талын хувьцаа зэмшигчдийн зүгээс зэс хайлуулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг баримталж  байна.

ЗГ-аас “Оюу Толгой” ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж татварын орчинг тогтворжуулсан байдаг. "Оюу Толгой" ХХК болон "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлдэг.

2010.11.25-нд Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөр "Эрдэнэт үйлдвэр" ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өссөн шатлалаар төлөх болсон.

"Оюу Толгой" ХХК-н хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь Хөрөнгө оруулалтын гэрээний 2.1-д заасны дагуу тогтворжуулсан татварт хамаардаг. Бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5%-аар тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх бөгөөд төлбөрийг тогтворжуулна гэж заасан.

Мэргэжлийн зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д тусгаснаар ОТ төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. Дээрх нөхцөл байдалд нийцүүлж тооцоо хийж үзэхэд 4.7 тэрбум ам.доллар болсон.  Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болсон. Анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгаснаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Зардлын хэтрэлтэд ОТ төслийн төлөвлөлтийн өөрчлөлт нөлөөлсөн.  9 сарын дараа Хөрөнгө оруулалтын гэрээ баталгаажсан.

Баяжуулах үйлдвэрийг богино хугацаанд барьж байгуулахад нэмэлт зардал гаргасан. Засгийн газар  НӨАТ-ыг буцаан олгоно гэсэн ч 2012 он хүртэл 243 сая $-ын НӨАТ төлсөн нь зардлын хэтрэлтэд зэрэг нөлөөлсөн байна.

Мөн менежментийн зардал нь Хөрөнгө оруулалтын зардалд шууд нөлөөлсөн. Цаашид ОТ санхүүгийн сахилга батыг сайжруулах, холбогдох хууль, журмыг сайтар мөрдөж ажиллах шаардлага тавигдаж байна.

“Эвлэрлийн гэрээ”-ний асуулгын хүрээнд УИХ-ын 2015 оны 5-р сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийсэн болно. Харилцан итгэлцэл нэмэгдсэн үед гэрээний заалтаа барьж ажиллана гэсэн зүйл ярьсан байгаа.