Дэлхийд

Монгол тамирчид буудлагын спортоор дэлхийн рекордыг эвджээ

М.Энхмаа
2015-10-12 04:00

Дэлхийн цэргийн спортын 6 дугаар Их наадам БНСУ-д 10 өдрийн турш амжилттай болж өндөрлөжээ.

117 орны Зэвсэгт хүчний тамирчид хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн цэргийн олимпоос Монгол улсын Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид 13 медаль хүртсэн байна. Бокс, жудо, чөлөөт, сонгомол бөх, буудлага, байт харваа, таэквондо, хөнгөн атлетик, дугуй зэрэг найман төрлөөр өрсөлдөж 3 алт 4 мөнгө 6 хүрэл медаль хүртсэн өндөр амжилт гаргажээ. Ингэхдээ армийн олимпын буудлагын спортоор дэлхийн рекордийг багаараа болон хувийн дүнгээр шинэчилж дэлхийд шилдэг гэдгээ харуулж чадсан байна.

Дэлхийн 117 орноос медалийн тоогоор 10 дугаарт, чанараар 12 дугаарт байрт орсон бахдам амжилт үзүүлсэн тамирчид маань өнөөдөр эх орондоо ирэх ажээ.

АЛТАН МЕДАЛЬ
Байт харвааны төрлөөр оролцсон эрэгтэй, эмэгтэй холимог баг
Буудлагын төрлөөр эмэгтэйчүүдийн баг. Гурван байрлалаас 60 сум буудсан тамирчид маань алтан медалиар зогсохгүй наадмын рекорд тогтоогоод байна.
Буудлагын төрлөөр ОУХМ Ч.Нарантуяа
МӨНГӨН МЕДАЛЬ
Жудо бөхийн багийн төрлөөр эрэгтэйчүүдийн баг тамирчид
Жудо бөхийн 60 кг-ын жинд ОУХМ А.Батсуурь
Чөлөөт бөхийн 97 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэртулга
Байт харвааны төрлөөр эмэгтэйчүүдийн баг
ХҮРЭЛ МЕДАЛЬ
Жудо бөхийн 90 кг-ын жинд ОУХМ Х.Цогтгэрэл
Чөлөөт бөхийн 70 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран
Чөлөөт бөхийн 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн
Боксын 49 кг-ын жинд М.Чухал-Эрдэнэ
Буудлагын төрлөөр ОУХМ Г.Нандинзаяа
Буудлагын төрлөөр МУГТ О.Гүндэгмаа