АН бүлэг: Авилгачдыг хаацайлсан хууль гаргахгүй
АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа дараахь асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна.
Мөн хуралдаанд
- УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
- Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
- Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийж, АН-ын бүлгийн зүгээс эдгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Бүлгийн удирдлагууд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
-Хуульзүйн байнгын хорооны даргын асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн үү?
Б.Гарамгайбаатар: Хуульзүйн байнгын хорооны асуудлаар бүлгээс гаргасан шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Ш.Түвдэндорж гишүүн байнгын хорооны даргаас нэрээ татаж авсан.
-Г.Уянга, Л.Цог нарын 14 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зураад байгаа юм билээ. Энэ асуудлаар бүлгийн байр суурь ямар байгаа вэ?
Б.Гарамгайбаатар: -Бүлгийн байр суурь тодорхой. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаахгүй байхын төлөө АН-ын бүлэг ажиллана.
-Өршөөлийн хуулийг бүлэг бүхлээр нь дэмжсэн гэж ойлгож болох уу?
Б.Гарамгайбаатар: -Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг АН бүлэг хүлээгээд авчихсан байгаа. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хариулна.
Д.Ганбат: -Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авсан байгаа. Хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулж орж ирэх ёстой. Хууль зүйн байнгын хороо хуралдаад, Оюунбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ ажлын хэсгийн санал тус байнгын хорооны хурлаар унасан. Дараа нь хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хориг тавьсан 11 зүйл, заалтаар санал хураалгасан. Хоригийн талаар С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Л.Түвдэндорж нарын гишүүд санал гаргасан. 11 зүйл, заалтаас зургаа нь дэмжигдсэн. АН өршөөх, авлигатай тэмцэх асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Авилга авахыг өршөөхгүй. Дэмжигдээгүй зургаан зүйл, заалт дээр Хууль зүйн байнгын хороо болон чуулган ажиллаад явна. Энэ асуудлыг чуулган дээр шийдэх нь зөв гэсэн бүлгийн шийдвэр гарсан.
Б.Гарамгайбаатар: -Нэмж хэлэхэд, АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүрэн дүүрэн дэмжиж, хүлээж авсан. Авилгачдыг хаацайлсан ямар нэг хууль АН-ын бүлэг гаргахгүй
гэдгээ тодорхой мэдээлсэн. Хоёрдугаарт, одоо байнгын хороогоор Өршөөл үзүүлэх тухай хууль хэлэлцэхгүй, шууд УИХ-ын чуулганы хуралдаанаар орж үлдсэн зургаан асуудал дээр санал хураалт явуулна. Тухайн санал хураалтад гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр дэмжих, эсэхээ шийднэ гэсэн шийдвэр гарсан.
-Засгийн газрын зүгээс зарим агентлагийг нэгтгэх, татан буулгах асуудлыг оруулж ирж байгаа. Үүн дээр АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
Б.Гарамгайбаатар: -Би өмнөх бүлгийн хэвлэлийн хурал дээр тодорхой хэлсэн. Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөөллийг АН-ын бүлэг бүрэн дэмжиж байгаа. Засгийн газрын өргөн барьсан хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт дууссан. Одоо хоёр дахь хэлэлцүүлэг явна. Мөн ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчлан ажиллах учраас явцын дунд энэ асуудал хэзээ, хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой болох байх.