Улсын их хурал
Х.Тэмүүжин “хамаатнууддаа байр өгсөн” гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ
2015-10-15 03:45
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхдаа хамаатнууддаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн байр өгч, үүгээрээ ашиг сонирхлын зөрчил гарган хууль зөрчсөн гэх мэдээлэл цацагдах болсон.
Өнөөдөр Х.Тэмүүжин гишүүн дээрх асуудлаар АТГ-т хандаж ашиг сонирхлын зөрчил гаргаж, хууль зөрчсөн эсэхийг шалгуулахыг хүссэн байна.
Тэрээр хууль зүйн сайд байх хугацаандаа албан орон сууцны талаар дараах бодлогыг баримтлан ажиллаж байжээ.
Үүнд :
- Төрийн хөрөнгөөр баригдсан орон сууцыг үнэ төлбөргүй өгөхгүй байх. Урьд нь байсан Хууль зүйн яам, түүни харьяа байгууллагуудад ажилладаггүй иргэн, дуучид, бөхчүүдэд хэд хэдээр нь үнэгүй өгдөг, мөн дарга нар үнэгүй авдаг байдлыг бүрмөсөн таслан зогсоох. Харин хууль зүйн яамны системд үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж буй албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор хөнгөлөлттэй үнээр олгох.
- Байрны санхүүжилтийг нөхөх үүднээс зарим орон сууцыг зах зээлийн үнээр худалдан борлуулах.
- Албан хэрэгцээнд зарим орон сууцыг үлдээж, албан хаагчдад түр ашиглуулах
Х.Тэмүүжин гишүүн, " Дээрх бодлогоос гажиж, хууль тогтоомж зөрчин, ашиг сонирхлын зөрчилтэй тушаал, шийдвэр гаргаж байсан зүйл огт байхгүй учраас АТГ чиг үүргийнхээ дагуу энэ асуудлыг шалгаж өгнө үү" гэжээ.