Улсын их хурал

Н.Алтанхуяг : Японтой архи, тамхины наймаа хийх хэлэлцээр хэн байгуулсан юм

М.Энхмаа
2015-10-15 04:43

УИХ-ын нэгдсэн чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр гишүүд дээрх хуулийн төслүүдтэй холбоотой өөрсдийн саналаа хэлсэн юм.

Д.ГанхуягХуулийн төслийг дэмжиж байна. Харин ч оройтож оруулж ирлээ. Өнөөдөр Монголын эдийн засгийг хувийн хэвшлийнхэн авч явж байгаа. Япон, Монгол хоёулаа Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн тул ижил тарифыг мөрдөх нь зүйтэй. Хэдий Онцгой албан татварыг бууруулсан ч гэсэн Гаалийн татварыг нэмж, зөрүүг арилгаж байгаа тул энд асуудал алга. Япон улсад гаднаас бараа оруулахад 10 хувийн татвар авдаг. Үүнийг хөнгөлүүлнэ гэдэг манай бизнес эрхлэгчдэд маш том боломж. Энэ хуулийн төслийг Япон улсын Ерөнхий сайдын айлчлалтай холбож хардах шаардлагагүй. Харин "гуя дагаж хүзүү" гэдэг шиг ЗГ Улсын тэмдэгтийн тухай хуулиа татаж авах хэрэгтэй.

Н.Алтанхуяг : Японтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бол маш зөв зүйл. Үүнийг бид хэрэгжүүлэх ёстой.ГэхдээЯпонтой архи, тамхины наймаа хийнэ гэж хэн ийм хэлэлцээр байгуулсан юм. Япон улстай хийсэн хэлэлцээрийн дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэчихээд яагаад гэнэт бүх улсыг хамруулаад явчихав. Танилцуулгад судалгаа тооцоо харьцуулсан юм алга, хуульд өөрчлөлт оруулах болсон үндэслэлийг уншиж ойлгож байж, кнопоо дармаар байна.

Танилцуулгад архи, тамхины тухай бичиж байснаа улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль оруулаад ирж. Юу хийх гээд ингээд шууруулж оруулж ирээд байгаа юм. Энийгээ буцаачих, ирэх долоо хоногт горимоор нь оруулаад ир. Дэлхийн худалдааны байгууллагад өгсөн амлалтынхаа төлөө заримыг нь буулгаж, заримыг нь нэмэгдүүлэх хэрэг гарч мэднэ.

Дээр та нар архи, тамхины татварыг шууруулаад 70,80 тэрбум төгрөг алга болгосон байсан. Ардын намынхан ч гэсэн юу болоод архи, тамхин дээр хамтарч ажилладаг болчихсон юм.

Хуулийн төсөлд яагаад зөвхөн, архи тамхийг хамааруулж байгааг ойлгохгүй байна.

Л.Болд: Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан нь түүхэн зүйл. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч энэ оронтой хэлэлцээр байгуулснаар Монголын хувьд асар том зах зээл нээгдсэн. Үүнийг дэмжих ёстой. Түүхэн боломжийг ашиглах ёстой. Энэ бол гаргах ёстой хууль мөн. Гэхдээ ямар ямар бүтээгдэхүүнийг хөнгөлөлтөд хамруулах вэ гэдгийг дараа нь сайн ярилцаж байгаад тогтоох хэрэгтэй.

Гаалийн тариф,гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн олонх дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна.