Өршөөлийн хуулийг хэлэлцэхийг дахин хойшлууллаа
УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр зарим гишүүдээс дээрх хуулийг хаалттай хэлэлцэх хэрэгтэй гэсэн горимын санал гаргажээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: "Чуулганыг хаалттай явуулах ямар ч шаардлага байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг завсарлага авсан шалтгаан нь Хууль зүйн байнгын хороон дээр авилга албан тушаалын гэмт хэрэгтнүүд өршөөгдөх асуудал дэмжигдсэнтэй холбоотой байсан. Нэмэлт өөрчлөлтөөр авилга, албан тушаалтай холбоотой хэргүүдийг өршөөх үү, өршөөхгүй юу гэсэн асуудлыг ярина. Тийм учраас нээлттэй ярих ёстой” гэсэн байна.
Хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрөгч долоо хоногийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд ерөнхийлөгчийн тавьсан хоригийг заалт тус бүрээр нь нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нэгдсэн шийдэлд хүрсэн нь энэ ажээ.
Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр "Шударга ёс" эвслийн бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авснаар уг хуулийг хэлэлцэх асуудал дахин хойшиллоо.