Засгийн газар

Монгол улс “Их 7”-ийн уулзалтад урилгаар оролцжээ

М.Энхмаа
2015-10-16 02:03

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ХБНГУ-д болсон “Их-7-гийн Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний ээлжит уулзалт”-д оролцжээ.

Уг уулзалтаар дэлхийн улс орнуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар хэлэлцдэг уламжлалтай бөгөөд “Нийлүүлэлт, борлуулалтын тогтвортой сүлжээний төлөө хамтран ажиллах” санаачилга дор Германы нийслэл Берлин хотноо зохион байгуулсан энэ удаагийн уулзалтад Монгол улсыг тусгайлан урьж оролцуулсан байна.

Уулзалтын үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан :

Монгол Улс 1968 оноос хойш Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд ОУХБ-ын суурь найман конвенц, нийт 17 конвенцод нэгдэн орсон Азийн анхны орнуудын нэг. 2015 онд “Хөдөлмөр эрхлэлтийн албадын тухай” 88, “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн албадын тухай” 181 дүгээр конвенцуудад нэгдэн орж, хэрэгжилтийг хангуулахаар бэлтгэж байгаа.

Зохистой хөдөлмөрийг тогтвортой борлуулалт-нийлүүлэлтийн сүлжээгээр дэмжих нь чухал санаачлага. Үүний тулд хөдөлмөрийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байна.

Монголын парламент Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яг одоо хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн харилцааны суурь хэм хэмжээ, ажлын байран дээрх үндсэн эрх болох эвлэлдэн нэгдэх, үл ялгаварлан гадуурхах, хүүхдийн хөдөлмөрийг устгах, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалт үр дүнтэй хэрэгжинэ.

Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд эрсдэл ихтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг ажил олгогч 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр арилжааны даатгалд даатгуулах, мөн үйлдвэрлэлийн орчин, гадна талбайд гарсан ослыг ажил олгогч хариуцаж байхаар, түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдыг сургалтад хамруулж осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс өөрийгөө хамгаалах чадавхыг бий болгохоор хуульчилсан.

Монгол оронд нийгмийн түншлэл гурван талт хэлбэрээр хөгжөөд 20 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөр, нийгмийн олон асуудлыг нийгмийн зөвшлийн төвшинд гурван талт механизмын хүрээнд шийдвэрлэх, үндэсний хэмжээнд болон орон нутаг, салбар, ААН байгууллагад нийгмийн түншлэл амжилттай хөгжиж, хамтын үйл ажиллагааныхаа чиглэлийг үндсэндээ тогтоож чадсан.

Дэлхий нийтээрээ эдийн засгийн хувьд харилцан хамааралтай өнөө үед “Их-7”-гийн орнууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан, нийгмийн болон хүрээлэн буй орчны стандартуудыг хангах талаар хамтран ажилласнаар хөгжиж буй улсуудад зохистой хөдөлмөр, тогтвортой өсөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлэх болно.

Түүнчлэн цаашид зохистой хөдөлмөрийг тогтвортой борлуулалт-нийлүүлэлтийн сүлжээгээр дэмжих энэхүү санаачлага илүү өргөжин олон улсын хэмжээнд хамтран ажиллахад энэхүү уулзалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.