Нийгэм

Сургуулийн эргүүлд хагас өдрийн цалинтай чөлөө олгоно

М.Энхмаа
2015-10-19 02:27

ЕБС-ийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл хэрэгжиж эхэлснээр сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, зам тээврийн ослын тоо буурсан гэж холбогдох газруудаас мэдээлж байгаа төдийгүй энэхүү төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт хэрэгжиж эхэлсэн байна.

Тиймээс энэхүү ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  “Сургуулийн эргүүл"-ийн ажиллах журмыг хэлэлцэн баталжээ. Журамд Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон  сургуулийн орчинд ажиллах “Сургуулийн эргүүл"-ийн үйл ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллагын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна.

Жишээлбэл : 

ЕБС-ийн захирал сургуулийн орчинд ажиллах “Сургуулийн эргүүл"-ийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага зохион байгуулалтаар хангаж хяналт тавьж, тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллана

Тухайн сургуулийн жижүүр нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар нэгдсэн ойлголт өгч ажиллана.

“Сургуулийн эргүүл"-ээр нэг удаад 4 эцэг эхийг эргүүлд гаргах бөгөөд 2 эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах, 2 эргүүл нь сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэнэ.

Тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага сургуулийн удирдлага, эргүүлд ажиллаж байгаа сурагчдын эцэг эхэд мэргэжил, аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэлд шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллана.

гэж заасан байна.

Мөн сургуулийн орчинд "Сургуулийн эргүүлийн" үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгох ажээ. Түүнчлэн “Сургуулийн эргүүл"-ийг амжилттай хэрэгжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан сургуулийн захирал, нийгмийн ажилтан, ангийн багш ,эцэг эхийн эргүүлийг Монголын сурагчдын холбооны дэргэдэх "Сургуулийн цагдаа" төвийн санал, мэдээлэл, тайланг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс урамшуулна гэж заасан байна.