Нийгэм

Нийслэлийн албан татварын зарцуулалтад ААН-ийн саналыг авна

М.Энхмаа
2015-10-20 01:54

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ресторан, баар, хүнсний дэлгүүрүүдийн захирал, ажилтнуудтай уулзаж Нийслэл хотын албан татварын тухай хуулийн талаар мэдээлэл өгч, санал солилцжээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл : " Эдийн засгийн хүндрэлийг давах хамгийн гол арга бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр хөрөнгийг хүртээмжтэй тэгш хуваарилах боломж бүрдэнэ. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлээс замын компаниудад 30 хувиа бид төлье. Үлдсэн 70 хувиа та бүхэн хариуцаад ажлаа чанартай хийж гүйцэтгэ.

Дараа нь нийслэлээс шат дараатайгаар гарсан зардлыг төлөх гэсэн бодлого баримталж хамтран ажилласан. Энэ бол ажлын байрыг нэмэгдүүлж бизнесийг дэмжих гол арга юм. Нийслэлээс эдийн засгийн уналтын эсрэг бүхий л арга хэмжээг авсан. Татварыг орлогыг нэмэгдүүлэх үүднээс тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл нийслэл эдийн засгийн хориг арга хэмжээг аль болох авахгүй байхыг хичээж байна.

Та бүхэн бол татвар суутгагч. Татвар гэдэг хуримтлалын сан гэсэн үг. Энэ санг зөв зарцуулж байж бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэнэ. Энэ хурлаар татвар суутгагч нартай хамтарч бий болгосон хуримтлалыг хэрхэн юунд зарцуулахаа шийдэж, бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаарх та бүхний саналыг сонсох гэсэн юм." гэжээ.

Бизнес эрхлэгчидтэй нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцоод аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж нийслэл хотын албан татварыг хэрхэн зарцуулах талаарх саналаа нэгтгэн хамтран ярилцахаар болсон байна.