Н.Алтанхуяг гишүүний санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ
Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Н.Алтанхуяг гишүүний санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд орсон байна.
Тэрээр өнгөрсөн 6-р сард дээрх хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д өргөн барьсан бөгөөд хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжсэн. Ийнхүү УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хуулийн төслийг АТГ-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд, улмаар ҮАБЗ-өөс УИХ-ын даргад хандан бичиг ирүүлснээр хэлэлцэхийг зогсоосон байна.
Н.Алтанхуяг гишүүн энэ хууль бус үйлдлээ зогсоохыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөс удаа дараа шаардсаны эцэст Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон нь энэ аж.
Хууль санаачлагч эдгээр хуулийн төслүүдийг Монгол улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, прокурор төрийн нэрийн өмнөөс, иргэдийн эрх ашгийг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс боловсруулсан байна.