Цалин бууруулах асуудлыг Засгийн газраас тодруулна
Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дах хэлэлцүүлгийг хийсэн байна. Хуулийн төслийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлжээ.
Х.Тэмүүжин гишүүн : ХЗБХ дээр шүүгчийн цалингийн асуудлаар дүгнэлт гаргаж байж хасалтын дүр зургийг гаргах нь зүйтэй
.
АСЕАМ-ын дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор манай улсын Хууль сахиулах байгууллага тэр дундаа терроризмтой тэмцэх чадавх ямар байгаа талаар их зүйлийг ярьж байна. Тиймээс энэ оны төсвөөс нэг тэрбум 600 сая орчим төгрөгийг цагдаагийн байгууллагад хуваарилсан. Та бүхэн анзаарсан байх ордны гадаа тэсрэх бөмбөг тавихад цагдаагийн байгууллага ямар ч багаж хэрэгсэлгүй байсан
.
Ё.Отгонбаяр гишүүн : Бид хөрөнгө оруулалтандаа анхаараад урсгал зардлаа мэдэхгүй өнгөрчихдөг. Гэтэл шилэн данс хөтлөгдөж эхэлснээс хойш урсгал зардалд байж боломгүй зардал их орсон нь ил болсон. Тиймээс тансагласан этгээдүүдэд авах ёстой арга хэмжээг нь ав. Ер нь 2016 оны төсөв батлахад шилэн данс хөтлөөгүй байгууллагын зардлыг танах хэрэгтэй
.
Мөн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудлыг гурилдаад хаячихмааргүй байна. Цалин тэтгэврийн мөнгийг хассан байна. Тэгвэл төсөв дотроосоо хасалт хийж байгаа мөнгийг нь дахиж суулгаад мөнгийг нь нэмэх хэрэгтэй. Миний үед багшийн цалин амьдралдаа хүрэлцдэг байсан бол одоо больсон байна. Цагдаа нарын цалин ч мөн адил.
УИХ-ын дарга З.Энхболд: Төсвийн тодотголыг бид ярьж байна. Энэ хүрээнд жирийн эргүүлийн цагдаа, хянагчийн цалинг хасах асуудал яригдаагүй.
2900 цагдаагийн даргын цалинг бууруулах тухай л ярьж байгаа. Сангийн яам энэ талаар хүмүүст зөв мэдээлэл өгөх хэрэгтэй.
Ц.Нямдорж гишүүн : Шүүхийнхэнд буруу ойлголт яваад байна. Шүүхийнхний хууль ёсны цалинг бууруулахгүй гэсэн заалт байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон цалин бол хууль бус цалин
. Тиймээс УИХ дээр цалин бууруулах эсэхийг ярихдаа одоо хүчинтэй байгаа 57-р тогтоолоор ярина. Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй гэж Төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Гэтэл цалинг бууруулах асуудлаар Байнгын хороогоор ярьж санал хураалт явуулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс энэ асуудлыг Засгийн газраас тодруулах нь зүйтэй.
Түүний энэ саналыг Байнгын хорооны гишүүд хүлээн авч Засгийн газраас тодруулга авах хүртэл асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан байна.