Нийгэм

Азийн хаалга үзэсгэлэн Азийн замаар хөгжинө

Б.Баярмаа
2015-10-20 11:04

 

Орос-Монголын хамтарсан “Азийн хаалга 2015” 25 дахь удаагийн үзэсгэлэн энэ сарын 20-ны өдөр МҮХАҮТ-д нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнд чихэр, нарийн боов, хүнсний жижиглэнгийн худалдаа, тахиа, хиам, өндөг, гурил, сүүн бүтээгдэхүүн, гүний цэвэр ус, хөрс боловсруулах техник туслах эд анги болон алмазан зүсэгч, сувилалын газар, боловсрол, Орос-Монголын төмөр замын толь бичиг, сурах бичиг, альбом компьютерийн сургалтын программ зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн тавигджээ. ОХУ-ын компаниудтай харилцаа холбоо тогтоох сонирхолтой иргэн бүхэнд энэ үзэсгэлэн нээлттэй байна.

Орос-Монголын бизнес уулзалт болон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр МҮХАҮТ-ын УЗ-ийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав “Орос-Монголын хамтарсан худалдаа-эдийн засаг,бизнесийн хамтын ажиллагаа болон Азийн хаалга маань яваандаа Азийн талын замаар ирж, өргөжин хөгжинө гэж ойлгож байна. Хоёр орны иргэд хоорондоо чөлөөтэй зорчдог болсон энэ шинэ үед үзэсгэлэнгийн үйл ажиллагаа нээгдсэнийг мэдэгдье. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцож байгаа Оросын компанийн бүх төлөөлөгчдөд баярлалаа. Хамтын ажиллагаанд амжилт хүсье“ гэж хэлэв. Нээлтийн дараа нь Монгол, Оросын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа, МҮХАҮТ-ын УЗ-ийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав, Бизнес контакт ХХК-ийн захирал Сидоров Александр Алексеевич, МҮХАҮТ-ыг ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунттэгш болон бусад төлөөлөгчид үзэсгэлэнд оролцож байгаа Оросын компаниудын бүтээгдэхүүнийг үзэж,сонирхлоо. 

Энэ үеэр Бизнес контакт ХХК-ийн захирал Сидоров Александр Алексеевичээс тодруулга авлаа.  

-Сүүлийн үед Орос-Монголын худалдаа- эдийн засаг-бизнесийн харилцаа өргөжиж эхэллээ. Таны бодлоор өнөөдрийн бинзес эрхлэгчдийн уулзалт, хамтын ажиллагаа болон үзэсгэлэнгээс гол нь юу хүлээж байна вэ?

-Энэхүү Олон улсын арга хэмжээнд хоёр талын оролцогчид болон бизнес эрхлэгчид маш том, өргөн хүрээтэй үр дүнг хүлээж байна. Сүүлийн үед хоёр улсын Засгийн газар бизнес эрхлэгчдийн хоорондын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилгоор олон арга хэмжээ авч эхэлсэн. Нэгд, хоёр талын иргэд визгүй зорчих журам гарсан, хоёрт, "Алтан-Булаг" худалдааны чөлөөт бүсийг байгуулсан, гуравт,Улаанбаатараас Хиагт, Замын-Үүд хүртэл сайхан автозамын барилга байгууламж баригдаж байна. Энэ нь Оросын нутгаар дамжин Хятад руу шууд холбох зам нээгдлээ гэсэн үг. Ийнхүү хоёр орны төрөөс явуулж байгаа арга хэмжээ таатай бүрдэх юм бол хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа улам таатай, сайхан явагдана. Өнөөдрийн уулзалт болон үзэсгэлэнд Оросын 10 мужаас бизнес эрхлэгчид ирсэн байгаа. Оросын бизнес эрхлэгчид Монголын зах зээлийг сонирхож байгаа нь илт байна. Энэ утгаар Оросын олон бүсээс бизнес эрхлэгчид ирсэн нь хоёр талдаа эрэлт хэрэгцээтэй байгаа нь харагдаж байгаа юм. Бид энэ эрэлт хэрэгцээндээ тулгуурлаж хоёр улсын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх ёстой.

-Оросын аль салбарын бүтээгдэхүүн монголчуудын сонирхолыг татаж байна вэ?

-Гол нь  Оросын хүнс, аялал жуулчлал, уул уурхайн салбарыг монголчууд сонирхож байна. Сүүлийн үед хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хамтран ажиллах чиг хандлага ажиглагдлаа. Миний хэлсэн эдгээр хэдэн чиглэлүүд хоёр улсын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд суурь бааз болох ирээдүй юм гэж үзэж байна.

Дараа нь Монгол,Оросын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа хэлэхдээ энэ өдрүүдийн арга хэмжээний нэг том үзүүлэлт бол үзэсгэлэнгийн бүтээгдэхүүнтэй танилцах ажил юм. ОХУ-ын муж хязгаарууд монголчуудад их танил болсон шүү дээ.Бид хамтын ажиллагааг урьд нь өрнүүлж байсан баялаг туршлагатай. Үзэсгэлэнд тавьсан Оросын бүтээгдэхүүнүүдийг харахад цөөхөн боловч цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд том алхам болж байна. Жишээ нь, Украйны нисэх онгоцны хөдөлгүүрийн том компани, ОХУ-ын мужуудын хүнсний бүтээгдэхүүн, эм, эмнэлэгийн зориулттай өвс ургамлууд гэх мэт хэрэгцээтэй бараанууд тавигджээ. Хүмүүс их сонирхож байна. Энэ компаниуд монголчуудад улам танил болж, жилээс жилд ойртож байгааг харуулах нь тодорхой. Ер нь Орос-Монголын ажил хэрэгч хүмүүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор олон салаа мөчир ажлууд эхэлсэн. Найрамдлын Нийгэмлэг ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Бид зөвхөн ОХУ-тай биш удахгүй хэдхэн хоногийн дараа БНХАУ болон Хөх хотод томоохон үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэж байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа илүү их батжина гэдэгт итгэж байна гэсэн юм.

Үзэсгэлэнд тавигдсан  ОХУ-ын Красноярский мужийн Канск хотын “Яр вкус” худалдааны  хүнс, нарийн боов, кекс зэрэг амттан маш амтлаг, зөөлөн байсан тул хүмүүс илүү их сонирхон амтлаж байлаа. “Яр вкус” худалдааны  төвийг төлөөлж, ахалж оролцож байгаа Широкова Анастасия Рахимжановна энэ үеэр сэтгэгдлээ хэллээ. Тэрээр би анх удаа Монголд ирж, үзэсгэлэнд Оросын тэргүүний нарийн боовны олон төрлийн бүтээгдэхүүнээ сонирхуулж байгаадаа баяртай байна. Манай худалдааны гэрт Красноярскийн орон нутгийн тэргүүний нарийн боовны үйлдвэрүүд багтдаг юм. Эдгээр нарийн боовны үйлдвэрүүдийн хүнс, нарийн боовны бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд ирсэн хүмүүст цай, кофетой дайлж байгаа.  Бидний цаашдын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа Б.Лхагважав даргын хэлснээр Азийн замаар амжилттай хөгжинө  гэдэгт итгэлтэй байна гэв.

 Мөн үзэсгэлэнг сонирхож байсан“Алтан Фокус” ХХК-ийн захирал Д.Алтанцэцэгээс  Орос-Монголын найрамдлын сарын ажилд зориулсан бизнес уулзалт, үзэсгэлэнгийн ач холбогдлын талаар тодруулахад "Би Орост 21 жил ажиллаж, амьдарсан. Оросын хүнс, нарийн боовны бүтээгдэхүүн нь ариун цэвэр, эрүүл мэндийн шаардлага өндөр түвшинд хангагдсан, амттай байдаг.  Монголчууд Оросын бараа, бүтээгдэхүүнийг оруулж ирж төрөлжүүлвэл илүү үр дүнд хүрнэ гэж бодож байна. Сая хиам, нарийн боовны  амтлагааг идлээ. Ер нь оросууд энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ гаршсан туршлагатай хүмүүс. Би цаашид хиамны үйлдвэрүүдтэй холбоо тогтоох сонирхол төрлөө гэж ярьсан юм..