Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн ажлын айлчлал өнөөдөр эхэлнэ
Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирнэ. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөж байгаа
аж.
Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал болж байгаа юм. Тэрээр өмнөх айлчлалаараа хоёр орны харилцааны шинэ үеийг эхлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа дурдаад ардчилал, энх тайван, харилцан туслалцах гэсэн гурван гол үзэл санаагаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлж байсан юм.
Дашрамд тэмдэглэхэд энэ удаагийн айлчлал нь 1990 оноос хойших Японы Ерөнхий сайдын 5 дахь удаагийн айлчлал ажээ.