Энэ онд 1064 км цахилгаан дамжуулах шугам, 82 дэд станц ашиглалтад оржээ
“Сайдын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож, тус салбарын өвлийн бэлтгэл ажил болон цаашид анхаарах асуудлын талаар дараах мэдээллийг хийлээ.
Эрчим хүчний сайд Д.Зоригт :
- Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгуулах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг ажиллуулж компаниудын өвлийн бэлтгэл, их, урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллалаа. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна
.
- Монгол Улсын эрчим хүчний салбарын хэмжээнд 2015-2016 оны өвлийн горимыг 9-р сарын 15-аас 5-р сарын 15 хүртэл мөрдөн ажиллана
. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн осол, саатлын үед тусгай горимоор ажиллана.
- Эрчим хүчний салбарын хэмжээнд 2015 онд шинээр 1064 км цахилгаан дамжуулах шугам, 82 дэд станц ашиглалтад орж
, 2015-2016 оны өвлийн их ачааллын горимд ажиллах шугам, дэд станцуудын өвлийн бэлтгэлийг бүрэн хангаж сүлжээнд залгаад байна.
- Улаанбаатар хотын хэмжээнд нийт 394.7 км дулааны шугам, 9 насос станц энэ өвлийн горимд ажиллана. Үүнээс 2015 онд 29.7 км шугамын шинэчлэн сольж, шинээр ашиглалтад оруулсан. Ингэж өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдснээр 249 Гкал/цаг ачааллыг шинээр нэмсэн байна.
- “Дулааны цахилгаан станц-4”-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2012-2014 онд, “Дулааны цахилгаан станц-3”-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2013-2014 онд тус тус амжилттай хэрэгжүүлж ашиглалтад оруулснаар цахилгаан, дулааны эрчим хүчний өсөлтийг бид дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хааж ажиллах боломж бүрдсэн.
- Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг дуусган туршилт, тохируулгын ажлыг хийж 2015 оны 9-р сарын 20-ны өдөр Техникийн комиссыг ажиллуулсан. Засгийн газрын тогтоолоор Амгалан дулааны станцыг “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тус станц Улаанбаатар хотын зүүн хэсэг болох Жуковын музейгээс зүүн тийшхи хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна.
- Хэнтий аймгийн Чингис хотын цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, 1000 айлын орон сууц хөтөлбөрийн дэд бүтцийн хангамжийг шийдвэрлэх үүднээс Өндөрхаан дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
- Баян-Өлгий аймгийн төвийн 6 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийг шинэчлэлийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн өвлийн их ачааллаас өмнө ашиглалтад орууллаа.
- Завхан аймгийн Дөрвөлжин сумын нарны станцыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох боломжгүй Говь-Алтай аймгийн Алтай сум руу зөөж, нарны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн цахилгаан хангамжийг найдваржуулж, 24 цагаар эрчим хүчээр хангаж байна.
- Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох ажлыг Оюутолгой ХХК-ийн санхүүжилтээр хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан.
- Их тойрог сүлжээ төслийн хүрээнд 220,110кВ-ын 102.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын 11 дэд станцыг шинээр барьж байгаа ба эхний 6 дэд станц угсралтын ажил дуусч техникийн комисс ажиллуулаад байна. Төслийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
- Улаанбаатар хотын хойд тойргийн шугам, дэд станцуудын барилга угсралтын ажил дуусч, техникийн комисс ажиллуулахаар бэлтгэж байна. Энэ сүлжээ хүчдэлд холбогдсноор 7-р хороолол, Баянголын ам, МҮОНРТ орчмын шинэ хорооллуудыг цахилгаан эрчим хүчээр хангана. Урд тойргийн хувьд газар чөлөөлөлтийн асуудлаас болон энэ онд ашиглалтад орохгүй болоод байна. Шинэ яармаг дэд станцыг түр цахилгаанаар хангах холболт хийж Буянт-Ухаа-2, шинэ Яармаг хорооллуудыг цахилгаанаар хангахаар горим тооцоог хийн бэлтгэж байна.
- Эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд шинээр хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар хангах боломж бүрдэж 2015-2016 оны өвлийн их ачааллын горимд дулааны эрчим хүчний хувьд Улаанбаатар хотод 249 Гкал/цаг ачаалал, Дархан хотод 33 Гкал/цаг, Эрдэнэт 36 Гкал/цаг, Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 8 Гкал/цаг ачааллыг тус тус нэмж сүлжээнд залган ажиллаж байна.
-Нийслэлийн 236 барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр, 23600 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангалаа
.
- Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг төвийн эрчим хүчний системд холбох ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Гэрээний дагуу 12 дугаар сарын 01-ний дотор дуусган ашиглалтад оруулна. Оюутолгой-Цагаансуваргын 110 кВ-ын ЦДАШ- ын ажил энэ онд дуусахгүй төлөвтэй байна. Иймд дээрх 2 сумыг Цагаансуваргын дизель станцаас эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна.
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох барилга угсралтын ажил 2014 онд эхэлсэн хэдий ч гүйцэтгэгч компаний буруутай үйлдлээс үүдэн энэ онд дуусахааргүй байна.
- Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй “Улаанбаатар их тойрог сүлжээ”-ний урд талын хэсгийн газар чөлөөлөлтийн ажил удааширч буйтай холбогдуулан барилга угсралтын ажил түр зогсоод байна.
- Даланзадгадын дулааны цахилгаан станцын эвдэрсэн турбингенераторыг шинэчлэн солих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан боловч санхүүжилтийн эх үүсвэр бүрэн шийдвэрлэгдээгүй тул гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаагүй байна.
- Улаанбаатар хотын баруун хэсэгт байрлах Таван шар, Драгон төв, Сүүний үйлдвэр орчмын хэрэглэгчдийг дулаанаар хангадаг 8д магистраль шугамын Тк844 цэгээс Тк860 дугаар цэг хүртэлх шугамыг шинэчлэн солиход шаардлагатай байгаа нийт 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, 2016 оны улсын төсвийн төсөлд тусган ажиллаж байна.
- Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Баруун бүсийн эрчим хүчний системүүдэд ойрын хугацаанд шинээр эх үүсвэр барих шаардлагатай байгаа.