Ерөнхийлөгч

Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал үргэлжилж байна

М.Энхмаа
2015-10-22 07:43

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абегийн хамт Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болж байсан бол ийнхүү ноён Шинзо Абэ гэр бүлийн хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилсон анхны гадаад орны Засгийн газрын тэргүүн болсноороо онцлог боллоо. Тэдний уулзалт богино хугацаанд болсон ч олон чухал асуудлаар санал солилцсон, үр дүнтэй уулзалт болсон хэмээн албаныхан онцолж байна. 

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ, Засгийн газрын гишүүд Япон Улстай харилцах харилцааны талаар нэгдмэл байр суурьтай байгааг  илэрхийлжээ. 

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийсэн байна. Энэ удаагийн айлчлалаар тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурахгүй ч хоёр орны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй ярилцжээ. 

Японы Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалыг Төв Азийн орнуудад хийх айлчлалынхаа өмнө  Монгол Улсад зочилсон нь хоёр орны харилцаанд онцгой ач холбогдол өгч буйн илрэл хэмээн  үзэж байгаа аж.