Япон-Монголын Эдийн засгийн хэлэлцээрийг баталсан нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон гэв
Өнөөдөр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга З.Энхболдод бараалхлаа.
Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ:
Монгол Улсын Их Хурал нь Япон-Монголын Эдийн засгийн хэлэлцээрийг хурдан хугацаанд соёрхон баталсан нь манай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон. УИХ-ын дарга З.Энхболд таны энэ жил Япон Улсад хийсэн айлчлал маш үр дүнтэй болж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг онцлох нь зүйтэй.
Мөн энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд :
Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг билээ. Монгол, Японы харилцааны хөгжилд Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нар, парламентын гишүүд болон бүлгийн гишүүд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.
“Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-т тусгасан ажлууд эхнээсээ биеллээ олж, хэлэлцээ нь гурван жил гаруй үргэлжилсэн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-т гарын үсэг зурж, хоёр орны парламент соёрхон баталсанд сэтгэл хангалуун байна. Цаашид ЕРА-д түшиглэн японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Япон болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ /Production network/, Эдийн засгийн хэлхээ холбоо /Economic Connectivity/-нд нэгдэх эрмэлзэлтэй байна
.
Мөн тэд улс төр, эдийн засаг, нийгмийн зарим асуудлаар санал солилцсон байна.
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ УИХ-ын дарга З.Энхболдод бараалхахын өмнө чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцсан юм.