Засгийн газар

Японы талтай Таван толгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллахаар боллоо

М.Энхмаа
2015-10-22 10:33

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг онцолсон байна.

Мөн Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд технологи шилжүүлэх, хувийн хэвшлийхэн хоорондын харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцжээ. Түүнчлэн хоёр тал бүс нутгийн болон олон улсын тавцан дах хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотолсон байна.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Таван толгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.