30 минутын дотор сэлгэн суултын хөнгөлөлт цахим карттай иргэдэд үйлчилнэ
Өчигдөр НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болж нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Оюутнуудын хувьд "Боловсролын тухай хууль"-ийн 43.2.5-д зааснаар хичээлд ирж, буцах зардлыг төр даах зарчмаар хөнгөлөлтийн картыг нийслэлийн Боловсролын газраар дамжуулан өгч эхэлсэн нь хэвээр мөрдөгдөнө. Сурагчдын үнэгүй зорчих асуудалд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш нийтийн тээврээр үнэгүй зорчуулах боломжгүйг хотын удирдлагууд тодотгосон байна.
Мөн Нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцэн баталжээ. Тодруулбал, иргэд нийтийн тээврээр зорчихдоо 30 минутын дотор автобус сэлгэн суувал нэг удаа үнэгүй байхаар баталсан байна. Харин 30 минутын хугацаа өнгөрсөн эсвэл гурав дахь автобусандаа суухаар болвол үндсэн төлбөр буюу 500 төгрөгийг төлөхөөр болжээ. Сэлгэн суултын энэхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх юм байна
.