Улсын их хурал

Х.Тэмүүжин : Хилийн цэргийг БХЯ-д нэгтгэж дампууруулсныхаа өрийг төлөх гэж байгаа арчаагүй үйлдэл

М.Энхмаа
2015-10-23 05:55

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг сонссоны дараа хуулийн төслийн талаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна.

Х.Тэмүүжин : Алдаа завхарлаа засахын тулд хил хамгаалах байгууллагадаа бүх эрх мэдлийг овоолж байгаа нь буруу

Хуулийн төсөлд 50-аас дээш хувийн өөрчлөлт орж байгаа бол шинэчилсэн найруулга болдог. Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд их засвар орсон, үзэл баримтлал нь ч өөрчлөгдсөн тул буцаах ёстой.

Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхдаа шалганыг нэг байгууллага эрхэлдэг болгож хөнгөвчилсөн шинэтгэлээ ерөнхий сайд болонгуутаа буцааж 500 хүний амьдралаар тоглож байна. Иргэдийн хийсэн шинэтгэлийг устгадаг ЗГ, ерөнхий сайдтай байх ёстой үгүйг хэлж мэдэхгүй байна. Өчигдөр нэг багтай, өнөөдөр өөр багтай болчихдог ийм хоёр нүүртэй, туйлбаргүй бодлоготой, наашаа цаашаа хувирч болж байвал юу ч наймаалцсан яахав гэж байдаг ЗГ-ыг хамгаалах ёстой юу.

Дорлигжавтай бүүр ярих юм байхгүй. Өмнө нь хийсэн бүх юмыг баллуурдах зорилготой гарч ирсэн. 2012 оны АН-ын бүх амлалтуудыг устгаж дууслаа. Эцсийн зорилго нь иргэний харьяат дээр байгаа шалганы эрх мэдлийг хилийн байгууллага руу буцааж татаж аваад 1996-2000 онд хилийн цэргийг БХЯ-д нэгтгэж дампууруулсныхаа өрийг төлөх гэж байгаа арчаагүй үйлдэл байна.

Хил хамгаалах асуудлыг ярихдаа боомт дээр ажиллаж буй хилийн бүсийн байгууллагуудын чиг үүрэг, уялдаа холбоог олж харж байна. Машинаар хууль бус бараа, хүний цогцос орж ирж байна гэдэг гаалийн хяналттай шууд холбоотой. Гэтэл бид гаалийн байгууллагыг зөвхөн татвар хураадаг байгууллага гэж андуурсан. Үнэндээ хууль бус наймааг илрүүлэх нь гаалийнхны үүрэг. Энэ байгууллагад дэмжлэг үзүүлэх байгууллага нь хил хамгаалах байгууллага. Энэ хуулийг би цогцоор нь оруулж ирээсэй гэж бодож байна. Бид хил хамгаалах болон иргэдийн гадаад дотоодод зорчиж байгаа хөдөлгөөний үйл ажиллагаа, гаалын хяналтын үйл ажиллагааг цогцоор нь харахгүйгээр энэ алдаа завхарлаа засахын тулд хил хамгаалах байгууллагадаа бүх эрх мэдлийг овоолж байгаа нь буруу.

М.Зоригт : Амьдрал шаардаад байгаа учраас хилийн тухай хуулийн өөрчлөлтийг хийх нь зүйтэй

Сүхбаатар, Дорнод аймгаас сонгогдсон гишүүний хувьд хил орчмоор нэлээд явдаг. Ингэхэд хил хамгаалах чадвар буурсан гэдэг нь ажиглагддаг. Бид гадаадын харьяатыг үйлчилгээ гэж бодоод  хил хамгаалах бодлогоо хэрэгжүүлэхгүй хүмүүсийг сайхнаар үдэж, угтахдаа л хамаг анхаарлаа төвлөрүүлээд байлаг. Хил боомтуудын ачаалал нэмэгдэж байгаа. Гадаадын харьяатынхан төсвийнхөө хүрээнд ажлаа хийдэг болохоор нэмэлт үйлчилгээ гаргаж чаддаггүй. Хилийн цэрэг болон гаалийнхан үйл ажиллагаагаа сайн явуулаад ирэхэд төсөв мөнгөнөөс болоод гадаадын харьяатынхан дээр очоод гацчихдаг. Тэгээд ачаа бараа нь альхэдийн гарч ирчихээд байхад хүмүүс нь оочерлоод зогсож байдаг ийм л дүр зурагтай байна.

Хилийн тухай хуулийг дэмжиж байгаа, харин ч хожуу оруулж ирлээ. Амьдрал шаардаад байгаа учраас эдгээр өөрчлөлтийг хийх нь зүйтэй.

Н.Алтанхуяг : Боомт дээр очиход хэн нь атаман бэ гэдгээ харуулах гэсэн "зодоон" илт ажиглагддаг

Хилээ хамгаалъя, Монгол Улсын хил бат бөх байх ёстой гэдэгтэй маргах хүн УИХ-д байхгүй гэж бодож байна. Боомт дээр очиход хэн нь атаман бэ гэдгээ харуулах гэсэн "зодоон" илт ажиглагддаг. Шинэчлэлийн ЗГ-ын үед энэ замбараагүй байдлыг зохицуулах үүднээс маш их судалж, ярьж байж Боомтын тухай хуулийг батлуулсан. Мөнгө хураах нь Гаалийн нэг үүрэг мөн. Гэхдээ хил хамгааллын олон асуудал энэ байгууллагад шууд хамаардаг. Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхдаа Боомтын тухай хуулийг батлуулж байснаа өнөөдөр эргээд нураах гээд байгааг ойлгохгүй байна. Хилийн тухай хуулийг дахин сайн хэлэлцэж байж батлах ёстой. Сэтгэл хөөрлөөр шийдвэрлэж болохгүй.

Хилийн тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ руу шилжүүлсэн байна.