Дэлхийд

Ази-Номхон далайн хотууд “Хамтарсан уриалга” гаргажээ

М.Энхмаа
2015-10-26 03:03

Ази-Номхон далайн хотууд Индонез улсын Жакарта хотод хуралдаж, 25 зүйл заалт бүхий “Хамтарсан уриалга” гаргажээ.

Чуулганы хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хотууд тэр дундаа дэлхийн хүн амын 55 хувь нь амьдарч буй Ази номхон далайн хотуудын өмнө тулгамдаж байгаа цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн бууруулах, эмэгтэйчүүдийн эрх ашгийг дээдэлсэн аюулгүй орчин бүхий хот зэрэг тулгамдсан олон асуудлыг хэлэлцсэн байна.

Хамтарсан уриалгад хот хоорондын түншлэл, хамтын ажиллагаанаас гадна орон нутгийн захиргаа, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ судлагааны байгууллагууд болон иргэд олон нийтийн хоорондын ойлголцол, хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэсэн аж.

Нэгдсэн хуралдаанаар бүс нутгийн Засгийн газруудын хариуцлага, хүн төвтэй хөгжлийн шаардлага, усан хангамжийн менежмент болон тээврийн тогтвортой хөгжил, хот байгуулалтын санхүүжилт зэрэг асуудлуудыг хөндсөн байна.

Бүс нутгийн чуулганыг даргалагч Хатагтай Мэри-Жэйн Ортега хуралдааныг хааж  хэлэхдээ “Бид ирээдүйн хотыг Хүн төвтэй байгаасай гэж хүсч байгаа бөгөөд бидний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг зөвхөн ярьж суух биш, чин сэтгэлийн үйл хэрэг болгох шаардлагатай байна. Үүний төлөө хамтдаа зүтгье” гэжээ.

Уг хамтарсан мэдэгдэлийн 19-р зүйлд Улаанбаатар хотод хэрэгжиж буй “Нөөцийн цогц менежмент төсөл”-ийн үзэл санаа буюу ус, эрчим хүч, хоол хүнс, газар ашиглалтын цогц төлөвлөлтийн аргачлал тусгагдсан байна. Улаанбаатар хот цаашид энэхүү хамтарсан уриалгыг хэрэгжүүлэхдээ  бүс нутгийн хотууд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах ажээ.