Улсын их хурал

Төмөр замын бүтээн байгуулалтад цэргүүдийг ажиллуулна

М.Энхмаа
2015-10-26 06:50

АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэн байр сууриа нэгтгэсэн байна.

Үүнд :

- Ерөнхий сайд болон УИХ-ын даргын мэдээллийг сонссон.

- 2015 оны Төсвийн тодотгол, 2016 оны Төсвийн төслийг хэлэлцэх байсан ч ажлын хэсгээс уг асуудлыг дахин нягталж хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн учир хойшлуулжээ.

- Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвецид нэгдэх хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна.

- Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Монгол Улс байнгын төвийг сахих орон болох төслийг хэлэлцээд Аюулгүй байдлын байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.

- "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны бодлого"-ыг санаачлан хэрэгжүүлэх.

"Эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны бодлого"-ыг Хөдөлмөрийн яам, Батлан хамгаалахын яам хамтарч зохион байгуулах ажээ. Ингэснээр залуус МСҮТ-д сурч мэргэжилтэй болохын сацуу төмөр замын ажилд цалинтай ажиллах боломжтой болох юм байна. Уг ажилд зарцуулагдах хөрөнгө нь улсын төсөвт ачаалал үүсгэхгүй гэж АН-ын бүлэг үзжээ.

Уг бодлогын талаар УИХ-ын дарга З.Энхболд :

Томоохон төслүүд явуулж авто зам, төмөр зам барья гэхээр боловсон хүчин байдаггүй. Гадны орноос ажиллах хүчин авдаг. Одоо үүнийгээ болиод дотоодоосоо мэргэжилтэй хүмүүсээ авъя. Ингэхийн тулд цэргийн албаа ашиглая. Төмөр замын цэрэг, барилгын цэргээс цэргүүдийг авъя гэж байгаа юм.

Дээрх цэргийн албан хаагчдыг одоогоор санхүүгийн асуудал нь шийдэгдээд буй Гашуун сухайт, Сайншанд, Бичигтийн чиглэлийн төмөр замыг тавихад ажиллуулна. Эдгээр төмөр замуудыг барихад 10.000 ажиллах боловсон хүчин хэрэгтэй.

Хөдөлмөрийн яамны судалгаагаар 29 нас хүртэлх 180.000 мянган ажил хайдаггүй, сургуульд сурдаггүй, эцэг эхээрээ тэжээлгэдэг залуус байдаг аж. Үүний 50 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэх судалгаа гарчээ. Тэгэхээр 90  мянган залуу цэрэгт явах боломжтой аж. Эдгээр залуусыг төмөр зам тавих бүтээн байгуулалтын  ажилд дайчлах боломжтой.