Хүүхдийн тухай хуулийн төслүүдэд 24 мянга гаруй санал ирүүлжээ
Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт нар болон холбогдох хүмүүс Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар мэдээлэл хийжээ.
С.Одонтуяа гишүүн : УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд ажлын хэсгүүдийг байгуулсан байгаа. Өнгөрөгч 6-р сарын 11-ний өдөр бид энэ танхимд Хүүхдийн эрхийн “Ногоон карт” аяныг эхлүүлснээ зарлаж байсан. Тус аяны хүрээнд эцэг эх, багш, хүүхдүүдээс нийт 24478 санал ирүүлсэн байна. Өмнө нь УИХ-д ийм их санал ирж байгаагүй. Энэ бол Монгол Улсын иргэд болон албан байгууллагууд энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж үзэж байна. Өнөөдөр энэ танхимд аяны богцоо задаллаа. Хуулийн төслийг хэвлээд улс орон даяар тараасан. Интернетээр хэлэлцүүлэг явуулах нь зарим хүнд хүндрэлтэй байдаг тул санал асуулгыг цаасан хэлбэрээр хэвлүүлэн тараасан. Энэ ажлын зардлыг НҮБ-ын Хүүхдийн сан гаргасан. “Ногоон карт” гэдэг нь санал асуулгын хуудас юм. Нийт 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд хамтран ажиллалаа. Нийт саналын 35,3% нь Хүүхдийн эрхийн тухай хуулиар, 64,7% нь Хүүхэд хамгааллын хуулийн талаар тодорхой санал дэвшүүлсэн байна.
Д.Батоцогт гишүүн : УИХ-аар хэлэлцэж эхэлсэн эдгээр хуулийн төслүүд дээр ажиллах ажлын хэсгийг С.Одонтуяа гишүүн ахалж байгаа. С.Одонтуяа гишүүний хувьд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих лобби бүлгийг мөн санаачлан үүсгэсэн. Энэ хуулийг хөрсөндөө буусан, зөв хууль болгохын тулд маш их анхааран ажиллаж байгаа. 24 мянга гаруй санал ирнэ гэдэг монголчууд энэ асуудлыг ихээхэн анхаарч байгааг харуулж байгаа юм.
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч : “Ногоон карт” аяныг НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад байгууллагууд дэмжиж ажилласан. Дашрамд дурдахад, энэ хоёр хуульд санал оруулахад олон нийтийг идэвхтэй оролцуулсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, С.Эрдэнэ нарт талархал илэрхийлье. Энэ бол Монгол Улсын сайн засаглалын нэг тод жишээ гэж бодож байна. Монгол Улс ирээдүй хойч үеийнхээ эрүүл, аюулгүй орчинд өсөхөд чухал үүрэг гүйцэтгэх хуулийг батлах гэж байна. Хүн бүхний оролцоог хангасан энэ хоёр хуулийн төсөл ирэх хаврын чуулганаар батлагдах байх гэж найдаж байгаа. Мөн тийм сайн санаачилга гаргаж олон нийтийг хуулийн төсөлд татан оролцуулсан УИХ-д талархал илэрхийлье. Энэ хоёр хуулийн хэрэгжилтэд манай байгууллага бүх талаар хамтран ажиллана гэдгээ илэрхийлье.
Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай : Бүх аймаг, нийслэл дүүргийн хэмжээнд энэ аян хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн. Нэг оролцогчийг онцлон дурдах нь зүйтэй. Энэ аянд хүүхэд өөрөө оролцсон. Тэдний саналыг тусгасан. Иргэд олон нийтээс ирүүлсэн саналыг багцалж үзэхэд дараах үндсэн чиглэлүүд хувааж болохоор байна.
- Хүүхдийн эрх, хамгаалалд салбар дундын зохицуулалтыг сайжруулах
- Хүүхдийн эрх, хамгааллын чиг үүрэг хүлээх байгууллага, ажилтнуудын эрх, үүргийг тодорхой болгох
- Хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтолцоо, санхүүжилтийг оновчтой болгох
- Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр олон нийтийн оролцоог бүхий л талаар идэвхжүүлэх
Мэдээллийн төгсгөлд С.Одонтуяа гишүүн “УИХ-д ирсэн бүх саналаар аравдугаар сарын 28-нд Монгол Улсад хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй байгууллага болон хүүхдүүд оролцсон томоохон хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулна” хэмээн мэдэгдсэн байна.