Засгийн газар

Д.Эрдэнэбат : Монгол-Хятадын экспо нь хоёр орны хамтын ажиллагаанд том дэвшил болно

М.Энхмаа
2015-10-27 02:29

БНХАУ-ын ӨСӨЗО-ны Хөх хотод энэ сарын 22-оос эхлэн өнөөдрийг дуустал Монгол-Хятадын анхдугаар экспо арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

“Талын зам болон Торгоны замыг холбож хамтын ажиллагааны коридорыг хөгжүүлье” уриан дор зохион байгуулагдаж буй уг экспо нь хоёр орны зөвхөн эдийн засаг, бизнесийн тэлээд зогсохгүй боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын хамтын ажиллагааг бүх шатанд нь ахиулах боломжтой гэж талууд үзэж байгаа аж.

Уг экспо нь хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, үзэсгэлэн худалдаа, соёлын арга хэмжээ гэсэн 4 үндсэн арга хэмжээнээс бүрдэж байгаа юм байна.

Монгол-Хятадын анхдугаар экспод Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчдөөс гадна Монголын 300 гаруй ААН, байгууллагууд оролцож байгаа ажээ.

Уг арга хэмжээний талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат :

“Монгол Хятадын ард түмэн бол мөнхийн хөрш, сайн түншүүд билээ. Хоёр орны харилцаа уламжлалт соёл, хүмүүнлэг, худалдаа эдийн засгийн чиглэлд улам батжиж байгаагийн нэгээхэн том дэвшил нь өнөөдөр нээлтээ хийж буй Монгол-Хятадын анх удаагийн экспо юм.

Монгол, Хятад орны жижиг дунд бизнес эрхлэгчд болон хоёр орны төр засаг хамтран энэхүү экспог зохион байгуулж байгаа нь олон талын үр дүнтэй. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийн бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн технологийн давуу талуудын солилцох, зах зээлээ тэлэх өргөн боломж нээгдэж байгаа юм. Харин төр засаг, удирдлагын түвшинд хоёр орны хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа аж үйлдвэрлэлийн салбарт түлхүү өргөжүүлэн чиглүүлэх боломж олгож байна.  

Монгол Улс “Талын зам” төслийг танилцуулж, хоёр хөрштэйгөө  “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцсон нь хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.” гэжээ.

Монгол-Хятадын анхдугаар экспод хоёр орны төлөөллөөс гадна Солонгос, Филиппин, Герман, Франц, Орос, Япон болон БНХАУ-ын бүс нутгийн улс төр, бизнесийн хүрээнийхэн оролцож байгаа аж.

Хоёр орны найрсаг харилцааг илүү өргөжүүлж шинэ шатанд гаргах зорилгын хүрээнд зохион байгуулагдаж энэхүү арга хэмжээнээс харилцан ашигтай гэрээ хэлэлцээр байгуулах, найрсаг харидцаагаа илүү өргөжүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг батлах зэрэг олон үр дүн хүлээгдэж байгаа юм байна. Цаашид уг экспог хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтжээ.