Эрчим хүчний экспортын 'Шивээ Энержи' цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр болжээ
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг хэрэгжүүлнэ
Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулахаар болжээ.
Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг эхлүүлэхээр Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг БНХАУ-ын талтай шаардлагатай уулзалтуудыг зохион байгуулж, Монгол Улсын хууль, эрх зүйн орчин, Шивээ-Овоо ордын олборлолтын үйл ажиллагаа болон усны нөөцийн асуудлаар газар дээр нь очиж танилцуулсан байна.
БНХАУ-ын талаас төслийн усан хангамж, нүүрсний уурхай, цахилгаан станцын урьдчилсан инженерийн төлөвлөгөө болон бусад судалгааг үндэслэн
- Жилд 34 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай
- 9240 МВт-ын дэвшилтэт технологи бүхий агаарын хөргөлттэй цахилгаан станц
- 8 сая киловатт хэмжээний цахилгаан дамжуулах 800 кВ-ын тогтмол гүйдэлтэй цахилгаан дамжуулах шугам
бүхий цогцолбор барих нь хамгийн тохиромжтой гэсэн саналаа илэрхийлсэн байна.
Төсөл хэрэгжсэнээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болж, 150 тэрбум тонн орчим нүүрсний нөөцийнхөө зарим хэсгийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэгч, экспортлогч орон болно
.
Төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан томоохон хөрөнгө оруулалт татаж эдийн засагт эергээр нөлөөлөх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр, ур чадвартай боловсон хүчин бий болгох давуу талтай юм.
Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барина
Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд газар хүртэлх 581 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нортерн рейлвейс” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэжээ.
Монгол Улсын баруун хойд бүс нутагт байрлах ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашид ОХУ-тай төмөр замаар холбогдох гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэт хотоос Арцсуурь боомт хүртэл 770 км урттай төмөр замын шинэ шугам барьж байгуулах асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлснээс эхний ээлжинд Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших Овоотын нүүрсний стратегийн ордын чиглэлд 581 км урттай төмөр замын шинэ шугамыг төр болон хувийн хэвшлийн түншлэлээр барих зорилгоор төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад оруулсан байна.
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замд 1 үндсэн өртөө, 8 зөрлөгтэй байхаар төлөвлөсөн бөгөөд тээх чадвар нь жилд 22.2 сая тонн, нэвтрүүлэх чадвар нь хоногт 16 хос галт тэрэг байхаар тооцоолж байгаа ажээ.
“Нортерн рейлвейс” ХХК нь Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төслийг 30 жилийн хугацаатай “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр эзэмших бөгөөд концессийн хугацаа дуусмагц уг төмөр замын суурь бүтцийг зуун хувь төрийн өмчлөлд шилжүүлэх юм
байна.
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь дээшлүүлэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болно гэж үзэж байгаа аж.