“РОМЕО ЖУЛЬЕТТА” жүжиг шинэ тавилтаар дахин амилна
Улсын Драмын Эрдмийн Театр 85 дах үзвэрийн жилээ 11-р сарын 12-нд У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгээр нээж театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдийнхээ оюуны мэлмийд дэлхийн даяар дуурсагдан үнэлэгддэг хайрын сонгодог бүтээлийг өргөн барихаар ажиллаж байгаа ажээ.
Дэлхийн өнцөг булан бүрт У.Шекспирийн хамгийн олон удаа тавигдсан хоёр жүжгийн нэг нь “Ромео Жульетта” юм. Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчддийн хүртээл болж байсан түүхтэй. Харин энэ удаад Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагийн цоо шинэ дэг тавилт, өнгө төрхтэйгээр найруулан тавих гэж байна.
Хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон, жаргалыг дахин тунгаах сэтгэлийг сэргээж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх уг жүжгийн гол дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглож байгаагаас Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттын дүрийг жүжигчин О.Дөлгөөн нар бүтээж байгаа
ажээ.
Харин жүжгийн ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсерээр 1996 онд Ромеогийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат, ерөнхий зураачаар Д.Ариундэлгэр, хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, дизайнер Н.Үнэнбат нарын баг бүрэлдэхүүн ажиллаж байна.
Ерөнхий найруулагч Н.Наранбаатар жүжгийн талаар :
“ Бид 23 үзэгдэлтэй Ромео Жульетта жүжгийн зохиолыг 15 үзэгдэлтэй болгон шинэ дэг тавилтаар 21-р зууны үзэгчдэд хүргэх гэж байна.
Жүжгийг бид тэртээх зууных нь сэтгэлгээ, ахуй байдлаар нь бус харин өнөөдрийн бидний нийгмийн бодит дүрүүдэд ажиглагддаг харилцаа, хандлага, соёл, үг хэллэгээр илэрхийлэн хүргэх болно. Энэ утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцолжээ.
Мөн УДЭТ-ийн уран бүтээлч хамт олон "Дэлхий дахинаа олон зуун дуу, жүжиг, кино урлагийн охь болоод буй энэхүү сонгодог жүжиг та бүхэнд шинэлэг бүхний утга агуулга, өнгө илэрхийлэл болон хүрч, мөнхөд орших хайр дурлалын үнэ цэнийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна." гэсэн байна.