Нийгэм

Японы “Токүда” сангаас 10 ширхэг бөөрны аппарат бэлэглэлээ

М.Энхмаа
2015-10-28 02:13

Сүүлийн жилүүдэд бөөрний дутагдалтай гэсэн оноштой хүний тоо нэмэгдэх болсон. Манай улсын хэмжээнд жилд бөөрний дутагдалд орсон 100-150 хүн эмнэлгийн туслалцаа, үйлчилгээ авах шаардлагатай байдаг. Гэтэл тэдэнд амьдрал бэлэглэх ганц найдвар болсон гемодиализийн аппарат нь улсын хэмжээнд 60 гаруй хувийн хангалттай буюу ердөө 90 орчим байдаг ажээ. Иймээс гемодиализийн аппаратад хөдөө орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргийн иргэд хамрагдан эмчлүүлж чаддаггүй байна.

Тэгвэл Японы “Токүшюүкай” группийн “Токүда” сан түүний харьяа “Токүда-Монгол” сангийн шугамаар Налайх дүүрэг, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус бүр 5 ширхэг бөөрний аппарат бэлэглэхээр болжээ.

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 5 ширхэг бөөрний аппарат гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо. Эдгээр аппарат болон холболтын тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ нь ойролцоогоор 240 орчим мянган доллар ажээ.



Энэ үеэр  УИХ-ын гишүүн Д.Ганхуяг : 

" Монгол Японы харилцаа сүүлийн жилүүдэд иж бүрэн түншлэлийн зарчмаар эрчимтэй сайхан өргөжин тэлж байна. Хэдхэн хоногийн өмнө Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай оронд ажлын айлчлал хийж Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлоод явсан билээ.

Өнөөдөр бид Монгол, Японы хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд "Токүда" сангийн шугамаар Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хиймэл бөөрний аппарат бэлэглэх ёслолын арга хэмжээнд ийнхүү оролцож байна. Одоогоос 4 жилийн тэртээ Токүда-Монгол сан болон “Хавдаргүй Монгол” сангийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Нэгдсэн 1 дүгээр эмнэлэгт хиймэл бөөрний төв байгуулах буяны үйлсэд миний бие УИХ дахь Монгол, Японы бүлгийн даргын хувиар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байсны хувьд талархаж байна.” гэжээ.