Улсын их хурал

Г.Батхүү : Намын угшил ярьдаггүй, танилын хүрээ хардаггүй тогтвортой төрийн албатай байхыг чухалчилна

М.Энхмаа
2015-10-28 03:18

Өчигдөр “Монгол Улсын төрийн албаны эрхзүйн шинэчлэл” нээлттэй хэлэлцүүлэг нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагджээ. Уг сэдвийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 

Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг аймгуудын ИТХ-ын төлөөлөгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлж Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцсан бол энэ удаад нийслэлийн шат шатны захиргааны албан хаагчидтай уулзаж, хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь энэ аж.

Тус хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү :

“ Намын угшил ярьдаггүй, танилын хүрээ хардаггүй тогтвортой төрийн албатай байхыг чухалчилж байгаа. Засаг төр солигдоход төрийн албан хаагчдыг халж сольдог, төрийн бодлого, үйл ажиллагаа алдагддаг байх нь буруу. Аль нэг намын бодлогоор хэн нэгнийг шууд албан тушаалд томилдог байдлыг шинэчилсэн найруулгаар хална.” гэжээ.

Мөн тэрээр төрийн албаны эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, төрийн албан хаагчдын асуултад хариулсан байна.