Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Өнөөдөр “Шийдлийн цаг” уулзалтаар Оюутолгойн нөөцийн 80 гаруй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын талаар хэлэлцжээ.
Тус уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар оролцож Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон цаг үеийн чанартай холбогдох зарим гүйцэтгэлийн талаар танилцуулсан байна.
Үүнд :
- Ажил үйлчилгээний жагсаалтыг ТУЗ-өөр баталдаг болох, дотоодын ААН-үүдийг ханган нийлүүлэх ажилд түлхүү хамруулах талаар хөндсөн.
- “Оюу Толгой” ХХК нь ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээнд жил бүр төсвийг батлахдаа хамтад нь баталдаг. Цаашид аудит, худалдан авалтын хороог Монголын талаас даргалах бөгөөд тухай бүр “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд хяналт тавихаар болсон
.
- Гурван сайдын ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авах арга хэмжээний жагсаалтын дагуу олон ажил хийгдэж байгаагийн хүрээнд 2015 оны зуны ээлжит ТУЗ-ийн хурлаар Менежментийн багийг томилсон. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцүүлсэн.
- Онтре Гоулд компанийн мэдэлд буй Ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу лицензийн асуудлыг шийдэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, тус лицензүүдийг Оюу Толгой ХХК-т шилжүүлэх эсхүл Онтре Гоулд компанийн мэдэлд буй лицензийн эрхийн 34 хувийг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх ажлыг хөрөнгө оруулагч талтай хамтран зохион байгуулж байгаа.
- Би-Эйч-Пи корпорацийн гэгдэх хоёр хувийн роялтийн асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэсэн
. Хөрөнгө оруулагч тал тус роялтигаас албан ёсоор татгалзаж, улмаар санхүүгийн тайландаа холбогдох засварыг хийсэн.
Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд цаашид энэ мэт асуудлаар Монгол Улсын хууль тогтоомжийг хатуу мөрдөж ажиллахыг үүрэгджээ. Мөн Оюу Толгой ХХК-ны Монгол ажилчдын цалингийн асуудлыг дотоодын жишигт нийцүүлэн яаралтай өөрчлөхийг даалгажээ
.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, мөн олон нийтэд бодитой мэдээлэл, зөв ойлголт өгөх талаар анхаарч ажиллахыг даалгасан байна.