“Оюу толгой” компани 2010 оноос хойш дотоодод 5.13 тэрбум ам.доллар зарцуулжээ
“Оюу толгой” компанийн 2015 оны гуравдугаар улирлын тойм мэдээ гарсан байна. Тус компани энэхүү тойм мэдээндээ аюулгүй ажиллагаа, байгаль орчин, худалдан авалт, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөрөнгө оруулалт зэрэг үндсэн чиглэлээр олж буй ахиц дэвшлийн талаарх мэдээллийг оруулжээ.
“Оюу толгой” компани 2015 оны эхний есөн сард 273 хоногийн 259 хоногт нь гэмтэл бэртэлгүй ажилласан байна. Гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0,31 байгаа нь Рио Тинто компанийн хэмжээнд хамгийн бага гэмтэл бэртэл тохиолддог, аюулгүй ажиллагааг хангадаг уурхайн нэг
болоод байгаа аж.
Энэ оны 3-р улирлын эцсээр “Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 95 хувийг монгол иргэд бүрдүүлж байгаа
бөгөөд тэдний 21,6 хувийг Өмнөговь аймгийн гишүүд эзэлж байгаа аж.
“Оюу толгой” компани 2014 онд 248 сая ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсөн бол 2015 оны эхний 9 сард 192 сая ам.доллар төлжээ.
2015 оны 3-р улирлын сүүлийн байдлаар “Оюу толгой” компани нь 885 орчим ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 576 нь үндэсний компани ажээ. Үйл ажиллагааны худалдан авалтын 52 хувийг эдгээр компаниудад зарцуулсан байна.
2015 оны эхний есөн сард “Оюу толгой”-н баяжуулах үйлдвэрт нэг тонн хүдэр боловсруулахдаа дунджаар 0,44 шоо метр ус ашигласан байна. Зэсийн уурхайнуудын дэлхийн дундаж үзүүлэлт 1,2 шоо метр байдаг. Ус дахин ашиглалтын төвшин энэ хугацаанд 85,5% байжээ.
Энэ оны 3-р улирлын сүүл гэхэд Өмнөговь аймагт бүртгэлтэй 80 гаруй ханган нийлүүлэгч “Оюу толгой”-д бараа, үйлчилгээ нийлүүлсэн байна.
Олон улсын хөдөлмөрийн стандартад нийцсэн, чавдарлаг боловсон хүчин бэлтгэх боловсрол, сургалтын хөтөлбөрүүд нь “Оюу толгой”-н тэргүүлэх чиглэлийн нэг хэвээр байгаа аж. 2015 оны эхний есөн сард боловсрол сургалтын хөтөлбөрт 1.7 сая ам.доллар зарцуулжээ.
“Оюу толгой” компани тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд 2015 оны 3-р улирал гэхэд 1.8 сая ам.долларыг энэ чиглэлд зарцуулсан байна.
Тус компани 2010-2015 оны 3-р улирлын сүүл гэхэд Монгол компаниудтай худалдан авалт хийсэн дүн, Монгол улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар хураамж, ажилчдын цалин зэргээр улсын хэмжээнд 5.13 тэрбум ам.доллар зарцуулжээ. Монгол компаниудад хийсэн төлбөрт 90.6 сая гаруй ам.долларын боловсрол, сургалт, нийгмийн хөрөнгө оруулалтын зардлууд багтсан байна.