Нийгэм

С.Мандахбат 'Төрийн албан хаагчдын хариуцлагад нь тохироогүй шаардлага хариуцлагагүй шийдвэрийг бий болгодог'

Bolor Rose
2015-10-28 10:17

Төрийн албаны талаар С.Мандахбаттай ярилцлаа. Тэрээр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Газрын орлогч даргаар 10 жил ажилласан бөгөөд Цөмийн Энергийн Комисст тамгын газрын дарга, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан. Мөн түүнчлэн С.Мандахбат нь Монгол Улсын Засгийн газрын захиалгаар ОХУ-ын Москва хотод эрх зүйн бакалавр, Австрали Улсын Мельбурны их сургуульд эрх зүйн магистр цол хамгаалсан байна.

-Юуны өмнө одоо юу хийж байгаагаас чинь яриагаа эхэлье гэж бодож байна.

-Би одоогоор хууль зүйн зөвлөгөө өгөөд хуульчийн болоод арбитрчийн ажлаа хийж байна. Тухайлбал, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Үндэсний зөвлөхөөр Бэлчээрийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бас Киноны тухай, Архитектурын тухай зэрэг хуулийн төсөл болоод үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагаар янз бүрийн гэрээ хэлэлцээр, маргаанд оролцоод явж байна. 

-Төрийн албанаас яагаад гарчихав

-Энэ удаад өөрөө гаръя гэж хүслээрээ гарсангүй. Харин Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцагч С.Эрдэнийн хууль бус тушаалаар аймаг, дүүргийн 13 хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг 2015 оны 8 сарын 10-нд   халахад өртөж төрийн албанаас чөлөөлөгдсөн. Ер нь бол энэ албан тушаалд сонгон шалгаруулах зар 2015 оны 4 сарын эхээр нийтэд түгээгдэж 2015 оны 5 сарын 1, 2-ны өдрүүдэд сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл, Хөдөлмөрийн Яам хамтран зохион байгуулсан юм. Ингээд сонгон шалгаруулалтаар тэргүүн байранд орсон нэр дэвшигчийг Авилгатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлгийг шалгах, Дүүргийн Засаг даргатай зөвшилцөх, эрүүл мэндийг шалгах, диплом, баримт бичгийн үнэн мөнийг тогтоох зэрэг ажиллагаа хийгдсэний дараа томилогдож байсан. 

  -Яагаад та ер нь энэ сонгон шалгаруулалтад орж дүүрэгт ажиллахаар шийдэж байсан бэТа үүний өмнө яам, агентлагт удирдах албан тушаал хашиж байсан байна шүү дээ.

-Энэ асуултыг нэг бус хүн тавьж байсан л даа. Миний хувьд Монгол Улсын хамгийн нөлөө бүхий яамны бодлогын газрын мэргэжилтнээс эхлэн газрын орлогч дарга хүртэл 10 жил ажиллахдаа Монгол Улсын бараг бүх салбарын бодлогын баримт бичигт гар бие оролцсон гэж болно. Анх сургууль төгсөөд л энэ ажлыг хийж эхэлсэн болоод ч тэрхүү “амьдрал мэддэггүй”, “хоосон бодлого” ярьсан гэсэн шүүмжлэл над руу чиглээд байх шиг санагдаж байсан. Тийм болохоор энэ дайралт, шүүмжлэлийг тодорхой хэмжээнд үгүйсгэх, няцаах үүднээс иргэдтэй өдөр бүр тулсан ажил хийхийг хүсэж байсан. Дүүргийн ажил бол иргэдэд өдөр бүр шууд үйлчилдэг ажил. Гэхдээ энэ ажилд орохоос өмнө би яаманд орох ёстой гэж бодож байсан юм шүү.  

-Яагаад яамандаа орсонгүй вэ?

-2012 оны сүүлээр би гадаадад суралцах болон өөр хувийн шалтгаанаар өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгдсөн. Хэдийгээр тийм боловч энэ яамны захиалгаар ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Москвад, Австралийн Засгийн газрын тэтгэлгээр Мельбурнд бакалавр, магистрт суралцсан учраас энэ яаманд ажиллах үүрэгтэй гэж хувьдаа ухамсарлаад эх орондоо буцаж ирээд ажилд орох өргөдөл гаргасан ч намайг ажилд аваагүй л дээ. Энэ бол дан ганц хувь хүний асуудал гэхээсээ илүү төр өөрөө бэлтгэж, сургасан хүнээ ажиллуулж чадахгүй байгаа нь харамсалтай санагдсан. Миний хувьд бол нэгэнтээ хувийн хэвшилд ч, олон улсын байгууллагад ч Монголдоо хангалттай цалин, орлоготойгоор мэргэжлийн ажлаа хийгээд явах мэдлэг боловсрол, дадлага туршлагатай болсон гэж боддог. 

-Тэгэхээр эргээд дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажилласан талаар чинь ярилцъя. Үнэхээр иргэдэд ойр ажиллаж чадав ууЯаманд ажиллахаас онцгой ялгаа нь юу байв?

-Төрийн албаны онцлог нь яам, агентлаг, аймаг, сум, дүүрэг гэж ялгахгүйгээр Төрийн албаны тухай хууль тогтоомжид захирагдаж, нэг ижил зарчим дүрмээр явдаг. Гэхдээ ямар ч яамны газрын дарга, мэргэжилтэн нь татвар төлөгчдийн нэг ч төгрөгийг шууд захиран зарцуулах эрх эдэлдэггүй. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нь Дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн сангийн 600 гаруй сая төгрөг, хэлтсийн үйл ажиллагааны зардал 300 гаруй сая төгрөг буюу нийт 1 тэрбум гаруй төгрөгийн төсвийн хөрөнгийн шууд захирагч байдаг. Хэлтсийн даргын шууд удирдлагад 26 албан тушаалтан байдаг бөгөөд тэдгээрийг дарга өөрөө томилж, чөлөөлдөг, хэлтэс нь дүүргийн 140,000 гаруй иргэнд үйлчлэх ёстой.

Мэдээж татвар төлөгчдийн нэг тэрбум орчим төгрөгийг шууд зарцуулж, олон хүнийг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй гэдгээрээ Дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нь хариуцлагатай албан тушаал. Гэвч яамны газрын орлогч дарга бол Засгийн газрын байгуулах олон тэрбум долларын үнэ цэнэ бүхий гэрээ хэлэлцээрт оролцдог, нийтдээ олон тэрбумын үр дүн гарахуйц УИХ, Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулдаг, шийдвэр нь эцэстээ олон зуун мянган иргэдийн ашиг сонирхлыг шууд хөндөж байдгаараа түүнээс ч илүү хариуцлагатай алба юм. Харин өнөөгийн зарим албан хаагчид “шууд мөнгө зарцуулах”, “хүн томилох” гэдгээр төрийн албан тушаалыг харж байгаа нь харамсалтай бөгөөд “Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэдгийг умартсаны шинж л дээ.

-Тэгээд таны хашиж байсан дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргад ямар хүн томилогдсон бэ?

-СУИС-ын дуулаачийн ангийг төгссөн нэг залуу томилогдсон байна лээ. Миний сонссоноор сургууль төгссөнөөс хойш хийж байгаа анхны ажил нь юм байна гэж ойлгосон.

-Төрийн албаны нэр хүнд сүүлийн жилүүдэд маш унасаар одоо бараг ямар ч үнэ цэнэгүй болчихлоо. Үүний үндсэн гол шалтгааныг яам, агентлаг, дүүрэг гээд бүх төвшинд ажиллаж үзсэн хүний хувьд юу гэж бодож байна?

-Төрийн албаны тухай ойлголт, ангиллаас эхлэн хайх хэрэгтэй байх гэж бодож байна. Төрийн захиргааны болоод тусгай албыг “Төрийн жинхэнэ алба” гэж хуульчилсан. Тэгэхээр төрийн улс төрийн алба буюу УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, зөвлөхүүд, Засаг дарга нар гээд энэ албан тушаалтнууд төрийн жинхэнэ биш, хуурамч алба юм шиг ойлголт үүсээд байгаа биз. Энэ хуурамч албанд төрийн үйлчилгээний алба буюу эмч багш нар ч орж байгаа. Уг агуулгаараа энэ нь зөв, өөрөөр хэлбэл төрийн алба гэдэгт тушаал шийдвэр гаргадаг, гаргахад оролцдог эдгээр албан тушаалтныг оролцуулж ажиллах баталгааг нь хангаж, эрх мэдлээ урвуулан ашиглах хязгаарыг нь тодорхой тогтоож өгөх хэрэгтэй. Харин эмч, багш нарын хувьд бол цалинг нь олгохдоо төрийн албан хаагч шиг сүлжээгээр нэг хэв маягаар бус, эмчлүүлэгч, сурагч нарынх нь тоо, чанараар тооцож өндөр цалинтай авах боломжийг нь бүрдүүлэх, тэд хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх гэж байхгүй тул эрх мэдлийг нь хязгаарлах шаардлага ч байхгүй. Хуурамч алба болчих гээд байгаа улс төрийн албан тушаалтнуудын хувьд төрийн захиргааны болоод төрийн тусгай албан хаагчидтай хэрхэн харилцах ёстойг нарийвчлан хуульчлах шаардлагатай. Практик дээр болоод хуульд байгаа нэг том алдаа бол төрийн захиргааны албан хаагчдыг Улс төрийн албан хаагчид нь “дээд албан тушаалтан” мэтээр ойлгож, хэрэгжээд байгаа явдал. Өөрөөр хэлбэл, тодорхой салбарын сайд нь яамны төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, мэргэжилтэн, агентлагийн дарга нарыг шууд захирах албан тушаалтан биш юм.  Энэ завхралаас болоод “сайд бүхнийг шийдэгч” болж хувирсан, “сайд хэлсэн, шийдсэн” гэж мэргэжилтнээсээ эхлээд Төрийн нарийн бичгийн дарга хэлж байгаа нь хууль зөрчсөн явдал. Харин ч төрийн захиргааны болоод тусгай албан тушаалтнууд нь хуульд заасан тусгай баталгаа эдэлдэг, ихэнх тохиолдолд хугацаагүй томилогддог бол улс төрийн албан тушаалтнууд нь сонгууль болох тутамд өөрчлөгдөж байдаг, хуулийн хамгаалалт, баталгаагүй албан тушаалтнууд шүү дээ.

-Нягтлангаар томилогдоход шалгуур тавигддаг хэрнээ, мөнгө зарцуулдаг даргад нь ямар нэгэн шалгуур байхгүй?

Төрийн албан хаагчдад хариуцлагат нь тохирсон шаардлага тавьж чадахгүй байгаа нь эргээд хариуцлагагүй шийдвэрийг  гарах үр дүнд хүргэж байгаа юм. Тухайлбал, Төсвийн тухай болоод Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хүрээнд улсын төсвийг зарцуулахад оролцдог нягтлан бодогчдод нарийвчилсан шаардлага тавьж байгаа хэдий ч яг хөрөнгө зарцуулах шийдвэр гаргадаг төсвийн захирагч нарт, дарга нарт ямар ч шаардлага хууль тогтоомжоор тавиагүй байдаг. Үүнээс болоод төсвийн захирагч нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй төсөл хөтөлбөрт зарцуулах, хэт өндөр үнээр бараа, үйлчилгээ худалдан авах гэх мэт алдаа гаргаад байна. 

-Төрийн алба нэр хүндгүй, үнэ цэнэгүй болохын хамгийн том АЮУЛ?

Төрийн алба үнэ цэнэгүй болох тусам иргэн, аж ахуйн нэгжүүд төрд итгэх итгэлээ алдаж, улмаар төрөөс гаргаж байгаа хууль тогтоомж, шийдвэр, зүй ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзахад хүрнэ. Энэ нийгэмд эмх замбараагүй байдлыг үүсгэж, улмаар бидэнд асар үнэтэй олдсон тусгаар тогтнолд эрсдэл үүсгэж болзошгүй юм. Иймээс л төрийн албаны үнэ цэнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа.

-Төрийн албанд эргэж орох бодол байна уу?

-Байгаа. 10 гаруй жил хуулийн мэргэжлээрээ ажиллаад янз бүрийн төвшинд удирдах ажил хийгээд 30 нас гараад эхлэхээр найз нөхдийн, гэр бүлийн, нутаг усны гэх мэт хүрээлэлд яалт ч үгүй “миний үүрэх хариуцлага” гэдэг зүйл мэдрэгдэж байна. “Яавал чиг яаг” гээд амиа бодоод хувийн хэвшилд тэтгэвэрт гартлаа ажиллах эрх байхгүй санагдаж байна. Тийм болохоор Төрийн албанд эргэж орно. Хоёрдугаарт, өөрийгөө магтсан гэж хүн харвал хараг гэхдээ хэлэх ёстой. Юу гэхээр надад англи, орос хэл, хуульчийн мэргэжлийн дадлага, туршлага байна, энэ чадвар минь Монголын төрд хэрэгтэй гэж бодож байна.

-Хаана ямар албанд ажиллана гэж бодож байнаУлс төрд орно гэсэн үг үү?

-Ямар ч утгаараа төрийн албаны удирдах албан тушаалд л өрсөлдөнө гэж бодож байна. Энэ нь төрийн тусгай, захиргааны, эсхүл бүр улс төрийн албан тушаал ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ өрсөлдөөн надаас хувь хүний хувьд олон зүйлийг шаардах байх, тэгээд ч одоо миний амьдрал, карьер өөрөө ийм өрсөлдөөнийг шаардаж байгаа, би энэ өрсөлдөөнд бэлтгэгдсэн л гэж бодож байна.

-Нууц биш бол өрсөлдөөнд ялах давуу талууд чинь юу байх бол?

-Надад ийм давуу тал байгаа гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх нь зохимжгүй болов уу. Гэхдээ миний намтарт байгаа сургуулиудын нэр, түүнийг төгссөн миний дүн, ажилласан газрын минь нэр, тэнд хийсэн ажлын үр дүн, хамтран ажилласан хүмүүсийн үнэлэмж зэрэг нь намайг илтгэх байх гэж бодож байна.

-Та улс төрийн намын гишүүн мөн үү?

-Одоогоор болоогүй л явж байна. Төрийн захиргааны албан тушаалтан нь улс төрийн намын гишүүн байхыг хориглосон, энэ хорио хуульчлагдахаас өмнө ч энэ хориглосон зарчим өөрөө Төрийн албаны тухай хуульд байсан болохоор намын гишүүн болж байгаагүй. Гэхдээ дэмждэг нам, баримталж явдаг үзэл бодол бол байсаар ирсэн.