Нийгэм

Сайн мэдээ: Ховд аймагт хөгжлийн зам ашиглалтад орлоо

Bolor Rose
2015-11-02 07:48

Ховд аймагт хөгжил авчрах хөгжлийн зам ашиглалтад орлоо. Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумаас Манхан сум чиглэлийн 214.1 км хатуу хучилттай авто замыг өнгөрсөн амралтын өдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй баруун бүсийн босоо тэнхлэгийн Авто замыг хөгжүүлэх төслийн хүрээнд дээрх авто замыг барих ажил 2011 оны гуравдугаар сарын 1-нд эхэлж, 2015 оны аравдугаар сарын 31-нд байнгын ашиглалтад орсон байна. Авто замыг хүлээн авах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нар оролцлоо. 

Энэхүү хатуу хучилттай авто зам нь Алтайн нурууг давж, Хавчигийн хавцал болон Бодончийн хавцал, Ботгоны амыг дайран өнгөрөхдөө байгалийн эрс тэс уур амьсгалтай газар зүйн онцгой тогтоцтой уулархаг өндөрлөг хязгаарлагдмал орон зайд баригдсан инженерийн хийц орсон хиймэл байгууламжтай дэд бүтцийн том бүтээн байгуулалт болжээ. Төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Жиангсу Жианда” констракшн, авто замын барилгын ажлын хяналт, зөвлөх үйлчилгээг “Кореа консалтантс интернэйшнэл” компани, түншлэлээр “ХЗТ” болон туслан гүйцэтгэгчээр “Соёмбот зам” ХХК ажилласан байна.

 Түүнчлэн төслийн өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор авто замын барилгын ажилд ашигласан импортын бараа материалын тээвэрлэлтийг нутгийнхаар гүйцэтгүүлж, давхардсан тоогоор 700 гаруй иргэнийг ажлын байраар хангасан байна.