Нийгэм

Хууль бусаар газар олгосон Халх гол сумын удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар өглөө

Bolor Rose
2015-11-03 07:42

Дорнод аймгийн Халх гол суманд юу болоод байгаа талаар иргэд янз бүрийн мэдээлэлтэй байсан. Харин ХХАА-ын сайд Р.Бурмаа тус суманд ажиллаад иржээ. Тэрээр тус суманд ажиллахдаа нутгийн удирдлагууд хэрхэн хууль зөрчиж байгаа талаар газар дээр нь очиж мэдээлэл авсан бөгөөд өнөөдөр хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар хүсэлт гаргалаа.  Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд зуун хувь БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгчээ. Үүний зэрэгцээ Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, тэргүүлэгч Л.Энхтөр, Д.Дулмаа, Ч.Дүдлийнамжил, М.Уртнасан нар энэхүү шийдвэрийг гаргажээ. 

Мөн Халх гол сумын одоогийн Засаг дарга В.Мөнхтайван хадлангийн талбай түрээслэх нэрийдлээр 6000 гаруй га талбайг хууль бусаар эзэмшүүлсэн байна. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид 1621 га талбайг “Үйзэн тал” компанид эхлээд долоон мянга, сүүлд 14 мянга га талбайг эзэмшүүлжээ. Энэ мэт тус аймгийн нутгийн удирдлагууд газар нутгаа хууль бусаар зарж, худалдсан хууль бус үйлдлийг АТГ шалгуулахаар болжээ.