Нийгэм

#MADEINMONGOLIA: 'SNOW 2016'-д Монгол хонины нэхийгээр хийсэн шинэ брэндийг танилцуулна

Bolor Rose
2015-11-03 09:45

“SNOW 2016”-д Монгол хонины нэхийгээр хийсэн шинэ брэндийг танилцуулна. Тодруулбал, “Дархан минж” ХХК, “Ariunaa Suri” брэнд хамтран зохион байгуулж буй “SNOW 2016” загварын шоуг энэ сарын 14-нд Crocus Event Hall-д  зохион байгуулах бөгөөд энэ үеэр Монгол хонины нэхийгээр хийсэн шинэ брэндээ танилцуулах юм байна.

“Дархан Минж” ХХК нь Монгол хонины нэхийг боловсруулах шилдэг технологийн эрэл хайгуул хийж дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын Stahl, Cromogenia, Sarchem, Debag kimiya, Хятадын Fambo компаниудын чадварлаг техологичидтой хамтран олон үе шаттай туршилт судалгаа хийсний үр дүнд Монгол нэхийг боловсруулдаг шилдэг технологийг томъёолж чадсан байна. Энэхүү технологийг томъёолж үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Монгол нэхийний талаарх уламжлалт ойлголтыг өөрчлөн, олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулсан нь Монголын үйлдвэрлэлийн салбарт нэгээхэн шат ахисан үйл явдал болоод байгаа аж.  ARIUNAA SURI брэнд нь уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг дахин давтагдашгүй загвар гарган хамтран ажиллаж, үүнээс хамтарсан шинэ Брэндийг бий болгож, дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байгаа юм байна. 

Шоунд Европоос BAZAAR, ELLE, VOGUE гэх мэт загварын сэтгүүлүүдийн нүүр царай болж олон улсад хэдийнээ танил болсон загвар өмсөгч нар урилгаар хүрэлцэн ирж оролцох аж.    
ARIUNAA SURI брэнд нь ноос ноолуур, арьс шир, гутал гэх мэт үндэсний үйлдвэрлэгчид, хувь уран бүтээлчид, зураачид, гар урлалчид зэрэг олон баг хамт олныг оролцуулан хамтран ажиллаж байдаг анхдагч үндэсний брэнд юм байна.