Нийгэм

30 минутын дотор сэлгэн суултын хөнгөлөлт ирэх бямба гаригаас хэрэгжиж эхэлнэ

Bolor Rose news.trends.mn
2015-11-04 10:39

Өнгөрсөн сард болсон НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн Нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцэн баталсан.  Тодруулбал, иргэд нийтийн тээврээр зорчихдоо 30 минутын дотор автобус сэлгэн суувал нэг удаа үнэгүй байхаар баталсан билээ. Энэ шийдвэр албан ёсоор ирэх бямба гаригаас хэрэгжиж эхлэхээр болжээ. 

Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн газраас иргэдэд дараах зүйлүүдийг анхааруулсан зөвлөмж гаргасан байна. Үүнд: 

- Картаа уншуулахад дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарна

-Автобусанд сууснаас хойш 30 секундийн дараа картыг уншуулах /буух/ боломжтой болох бөгөөд 30 секундийн дотор эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй.

-Эхний автобуснаас буухдаа арын хаалганд картаа заавал уншуулах ёстой бөгөөд арын хаалганд картаа уншуулсан хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой.

-Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөнө. Дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд эхний хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш 4 цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

-Олон хүний төлбөр төлсөн картын тухайд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулах эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл 3 хүний төлбөрийг нэг картаар төлж зорчоод дахин дамжин суухдаа дахин 3 хүний юм уу эсвэл 1 хүний төлбөр төлөхөд л хөнгөлөлт эдэлнэ. Харин өөр тоогоор буюу 2 хүний төлбөр төлөхөд хөнгөлөлт эдлэхгүй.

-Нэг чиглэлийн автобуснаас буугаад эргээд тэр чиглэлийн автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэхгүй

-Буух хаалганд картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.

-Дамжин суух хугацаа 30 минутаас хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.

-Дамжин суултын хөнгөлөлтийн хэмжээ нь энгийн карт 500 төгрөг, хүүхдийн карт 200 төгрөг байна. Өөрөөр хэлбэл автобусны үнэ 500 төгрөг байх үед бүрэн хөнгөлөгдөнө. Харин автобусны үнэ жишээ нь 700 төгрөг байвал 500 төгрөг хөнгөлөгдөж 200 төгрөгийн төлбөр төлөлт хийгдэнэ.