Нийгэм

Сайн мэдээ: Шинэ цэвэрлэх байгууламжийг ирэх хавраас барьж эхэлнэ

Bolor Rose
2015-11-04 10:07

1959 оноос хойш 60 орчим жил ажилласан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэр нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ. Тэнд 20-30 жил хуримтлагдсан хур лаг ойролцоогоор 400 мянган метр куб талбайг хамраад байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаа төв цэвэрлэх байгууламжид зохион байгуулж  шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г яаралтай дуусгаж ирэх хавар барьж эхлэх үүрэг өглөө. Төв цэвэрлэх байгууламжийн энэ асуудал гагцхүү хотынх биш, хот дангаараа энэ асуудлыг давахад хүндрэлтэй. Засгийн газар оролцож, дэмжиж хамтарч ажиллах ёстой. Бичиг цаас, судалгааны ажлыг чанартай гүйцэтгэж, яаралтай дуусгах хэрэгтэйг Ерөнхий сайд онцолсон байна. Мөн 2016 оны Төсвийн тухай хуульд цэвэрлэх байгууламжтай холбоотой 8.1 тэрбум төгрөгийг суулгасан, төсвийн хэлэлцүүлэг болж байгааг хэлжээ.