Нийгэм

'ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ' залуу эрдэмтэн, судлаачдын V-р чуулган болно

Bolor Rose
2015-11-05 01:39

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос санаачлан дөрвөн жил тутамд Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн V дахь чуулга уулзалтыг ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ сэдвийн дор энэ сарын 11-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах юм байна. Чуулганыг Монгол улсын үйлдвэрлэл үйлчилгээ, судалгаа шинжилгээ, боловсролын үйл ажиллагааны одоо байгаа чадавхийг уялдуулах, төрөөс зохицуулах замаар эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа ажээ. Чуулганы үеэр дараах асуудлуудыг авч хэлэлцэнэ. Үүнд: 

- Шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн орчинг танилцуулах 
- Судалгаа хөгжил (R&D) ба мэдлэгийн арилжаанд эрдэмтэн судлаачдын оролцоог тодорхойлох 
- Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт ба венчур хөрөнгө оруулалтын орчинг үнэлэх  
- Монгол улсын технологийн төвшин болон технологи нутагшуулалтад тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох 
-Үндэсний шинжлэх ухаан, технологийн паркийн бий болгоход тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох
-Залуу судлаач, эрдэмтэн нарт инновацийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, гарааны компани бий болгох хүсэл эрмэлзлийг төрүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих 

Чуулганыг БСШУЯ, Аж үйлдвэрийн яам, НББСШУБХ, ЭЗБХ, Шинжлэх ухааны академи, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Чуулганд залуу эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй олон ахмад эрдэмтэн, багш нар болон бодлого тодорхойлогч холбогдох яамдын төлөөллүүд, баялаг бүтээгч үйлдвэрлэл эрхлэгч нар болох 500 гаруй зочид төлөөлөгчид оролцох аж.

Энэхүү чуулга уулзалтын бүртгэлийг  http://summit.mysa.mn/factory  хаягаар бүртгэнэ.

Та дээрх цахим бүртгэл дээр хувийн мэдээллээ оруулах ба үүний дараа танд бүртгэлийн цахим шуудан очих бөгөөд бүртгэлийн хураамжийг төлснөөр таны бүртгэл баталгаажих юм байна.