Нийгэм

Н.Энхжаргал: Эдийн засгийн хямралаас гадна ёс суртахууны хямрал газар аваад байна

Bolor Rose
2015-11-06 06:59

Олон нийтийн цахим хуудсаар “Увайгүй бизнесмен чи улс төрөөс хол байгтун” хэмээн уриалга гаргаад байгаа “Интерконсалтинг” компанийн захирал Н.Энхжаргалтай ярилцлаа.

-Та өөрийн фейсбүүк хуудсаараа улс төрч эзэнтэй компани өрөө төлөхгүй байна гэж шүүмжлээд “Увайгүй бизнесмен чи улс төрөөс хол байгтун” хэмээх аяныг өрнүүлэх талаар бичиж, соошил ертөнцөд нэлээд шуугиан дэгдээгээд  байсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Баабар гуай 9 сард болсон хөрөнгө оруулалтын чуулган дээр хар жагсаалтын тухай ярьж байсан. Ерөөсөө улс төрд ойртуулахгүй байх хүмүүсийн жагсаалт гаргая. Улс орон дампуурч байна. Энэ нь зөв хүмүүсийг сонгоогүйгээс үүдсэн хэрэг. Компани ч гэсэн буруу удирдлагатай байхад дампуурдагтай ижил шүү дээ. Тэгээд би Баабар гуайтай уулзаж “Та хар жагсаалтыг хэрхэн төсөөлж байна. Намайг өөрийнхөө асуудлыг бичтэл өчнөөн олон хүн дэмжээд  надруу материалаа явуулаад байна” гэсэн. Баабар гуай хэлэхдээ, ганцаараа бие дааж хийхээс илүү бизнесийн олон нийтийн байгууллагатай хамтар. Монголын бизнесийн олон нийтийн томоохон байгууллага удахгүй энэ чиглэлээр томоохон аян зохион байгуулах гэж байгаа, тиймд хамтран ажилла гэж зөвлөсөн. Ер нь миний энэ хөндөөд байгаа асуудлын “эзэд”  бол зүгээр нэг увайгүй, бизнес хийж чаддаггүй, бизнесийн наад захын ёс зүйд суралцаагүй нөхдүүд бол биш. Бизнесийн ёс зүйгүй дээрээ  улс төрийн амбицтай, улс орныг иймэрхүү зарчимгүй, ёс зүйгүй чигээрээ удирдан чиглүүлэх гэж яваад байгаа нөхдүүд юм.

-Тантай бизнесийн гэрээ байгуулсан байгууллага, тэр байгууллагын захирал нь ямар хүн байсныг та өдий болтол зарлаагүй. Ямар хүн ямар үйлдэл гаргасан нь таныг ингэж ихээр бухимдуулав?

-Манай компани санхүү хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ба олон улсын хөгжлийн байгууллагуудын төслүүдийг хэрэгжүүлдэг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани. Манайх сүүлийн таван жил үйл ажиллагаа явуулахдаа нийтдээ 70-аад байгууллагуудад үйлчилгээ үзүүлсэн, зөвлөх үйлчилгээний салбартаа бол танигдсан байгууллага юм. Анх “NAB” хэмээх барилгын компанийн захирал Б.Амарсанаатай JCI байгууллагын шугамаар найз нөхдийн харилцаатай байлаа. Б.Амарсанаа нь МАН-аас Дундговь аймагт нэр дэвшиж байсан, Монголын ардчилсан оюутан залуучуудын холбооны ерөнхийлөгч байсан нэлээд улс төрд сонирхолтой залуу л даа. Тэгээд “Дундговь аймагтаа Мандала гэдэг 480 айлын орон сууц барих гээд байгаа юм. Газраа авчихсан. Үүн дээр төсөл бичиж өгөөч гадна дотны хөрөнгө оруулагчдад үзүүлэх гэсэн юм” гэлээ. Тэгээд бид Дундговь яваад газар дээр нь очиж танилцаад төсөл бичиж өгөхөөр болсон юм. 2014 оны 3 сарын үед байсан. Барилгын компанийн сезон эхлээгүй, санхүү хүндрэлтэй байна, зунаас төлбөрөө хийе гэснийх нь дагуу, мөн урд нь таньж мэддэг байсан учир нэг ч төгрөгийн урьдчилгаа авалгүй ажлыг нь хийж эхэлсэн юм. Найз нөхөд учраас урьдчилгаа ч аваагүй.

Төсөл эхлэхэд Б.Амарсанаа “Нэг л улс төрийн асуудал байгаа. Засаг дарга нь одоогоор манай намын хүн. Гэхдээ Ардчилсан нам ялчихаад Засаг дарга солигдох асуудал яригдаад байж магадгүй” гэж тухайн үедээ хэлж байсан. Ингээд төд удалгүй Дундговь аймгийн Засаг дарга солигдож (МАН намын угшилтай) оронд нь АН-аас томилогдсон шинэ Засаг Даргатай болсон Үүнээс хойш НАБ компани болон Амарсанаа захирлын төсөлд тавих анхаарал илт суларч, шаардлагатай мэдээллүүдээ өгөхгүй хэдэн сар болсон. Арай гэж мэдээллүүдээ аваад, нэгтгээд төслөө бичээд явуулахад үзэж танилцалгүй мөн хэдэн сар болсон. Манай ажилтан удаа дараа компани дээр нь очиж төслөө танилцуулах гэж үүдэнд нь олон цагаар суугаад дийлээгүй. Ингээд бид тоймтой хариу хүлээн авч чадаагүй учир төслийг нь хүлээлгэн өгөх тухай албан бичиг хүргүүлж, төслийг нь хүлээлгэн өгсөн. Мөн л хэдэн сарын дараа хэдэн тайлбар ирсэн. Түүнийх нь дагуу өөрчлөлтүүдийг хийж 2014 оны 3-р сард эхэлсэн төслийг 2015 оны 5 сард арай гэж хүлээлгэн өгч, хүлээн авах акт дээр гарын үсэг зуруулсан.

Төслөө хүлээн авсан мөртлөө 7 сар хүртэл төлбөрөө төлөөгүй учир манайх арга буюу шүүхэд хандсан. Бидний таамаглаж буйгаар орон нутагт хэрэгжүүлэх төсөл нь улс төрийн нөхцөл байдлаас болоод хэрэгжих боломжгүй болсон тул манайд захиалсан төсөл нь хэрэгцээгүй болж, тэр төслөө буцааж авахгүй байх, мөнгөө төлөхгүй байх л арга сүвэгчилж байсан гэж бодож байна.

 Харин мөнгөө төлөхгүй байгаа тайлбараа “Танай төсөл чинь чанаргүй, муу байна” гэсэн ойлгомжгүй тайлбар тавьсан албан бичиг манай компанид ирүүлсэн. Шүүх дээр шүүгч “ энэ төслийн яг аль хэсэг нь муу болсон юм, ямар шүүмж байгаа юм бэ?” гэхэд НАБ компанийн өмгөөлөгч нь төслөө ч уншаагүй бөгөөд ойлгоогүй, “төслийг ойлгох нь хуульч миний үүрэг биш” гэсэн тайлбар хэлээд шүүх дээр ялагдаж байсан шүү дээ. Бүхэл бүтэн шүүхийн байгууллагын өмнө өөрсдийнхөө увайгүй үйлдлийг зөв гэж үзэж шүүхдэлцэж байгаа бол Амарсанаа захирал ядаж л өөрөө биеэр оролцоод, энэ төслийн яг юу нь болохгүй байгаа, яг ямар хөрөнгө оруулагч төслийг нь голоод хөрөнгө оруулалт зогсчхоод байгаа талаар тодорхой тайлбар Монгол улсын шүүгчид өгөх ёстой. Эсвэл өмгөөлөгч нь “муу төсөл юмаа” гээд шүүхдээд байгаа төслөө нэг нээж хараад, уншдаггүй юмаа гэхэд хэдэн гол тоонуудаа ойлгоод тогтоогоод орж ирэх ёстой биз дээ. Шүүх НАБ компанийг буруутай хэмээн тогтоож, төлбөрийг төлж барагдуулахыг үүрэгдсэн. Харин саяхан Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүх-ээс над руу утасдаж, 20 хүрэхгүй сая төгрөгийн энэ хэргийн дагуу Амарсанаа захирал давж заалдах гэж байгааг дуулгасан. Ийм л эмгэнэлтэй бөгөөд инээдтэй юм болоод байгаа учир би олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандах нь зүйтэй юм гэж үзсэн. Нэгэнт ойлгомжтой асуудлаар давж заалдаж, шүүхийн процессыг сунжруулах нь төлбөрөөс зайлсхийх, асуудлыг замхруулах гэсэн увайгүй үйлдэл гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа шүү дээ.

 -Тэгэхээр таны хувьд энэ хэргээр дамжуулан олон нийтийг иймэрхүү увайгүй үйлдэлд дуугуй өнгөрөхгүй, ялангуяа улс орныг удирдах хэмжээнд гэж өөрсдийгөө сурталчлан таниулж буй “буруу” этгээдүүдийн эсрэг нэгдэхийг уриалж байна гэж ойлгосон зөв үү? 

-Тиймээ. Энэхүү  маргааны үнийн дүн зарим хүний хувьд инээдтэй бага мөнгө байж магадгүй. Бидний хувьд бол энэ зөвхөн мөнгөөр хэмжигдэх асуудал биш болоод удаж байна. Ийм ёс зүйгүй, дүр эсгэсэн байдлыг харж дуугүй суухыг хүссэнгүй. Энэ асуудал бол зөвхөн нэг нь төлбөрөө нэхсэн, нөгөөх нь төлөхгүй луу унжсан асуудал огт биш. Учир нь асуудал үүсгэсэн хүн нь Монголын хамгийн том гэгддэг МАН намын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын сонгуульд оролцож байсан, тус намын ирээдүйтэй хэмээн нэрлэгддэг нэгэн улс төрч хүн байгаа нь эмгэнэлтэй байгаа юм. Жирийн нэг бизнес эрхлэгч Дорж төлбөрөө төлөхгүй олон жил харайлгах бол үнэндээ хоёр бизнесийн хоорондын асуудал. Харин нийгмийг тэргүүлж, улс орныг удирдах гэж өөрийгөө бэлдэж байгаа хүн иймэрхүү увайгүй байдал гаргаж байгаа нь бидэнд маш эмзэглүүштэй санагдсан учир энэ асуудлыг зүгээр орхихыг хүссэнгүй.

-Энэ талаар фэйсбүүк хуудсаараа зарлахад хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Анхны постоо бичихдээ би нэрийг нь дурдаагүй. Тухайн үед шүүхээр ороогүй, шүүхийн шийдвэр гараагүй байсан учир хүний нэр төрд халдсан хэрэг болох вий гэж болгоомжлон нэр ус эрхэлсэн ажлыг нь дурдалгүй бичсэн. Тэгээд ийм асуудал тулгараад манай компанид төлбөрөө төлөхгүй байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ, та бүхэн яаж иймэрхүү асуудалд ханддаг вэ гээд бичихэд доор нь 192 сэтгэгдэл ирсэн. Би өөрөө нийгэм олон нийтийн ажлуудад оролцож, олон найз нөхөдтэй хүн тул санаж байснаас бүр хэд дахин илүү хүчтэй байдлаар хүмүүст хүрсэн.  Хамгийн сонирхолтой нь маш олон хүн “Би бас ийм байдалд орсон”, “Надад мөн ийм зүйл тохиолдсон” гэж бичиж эхэлсэн. Эдийн засгийн хямралаас гадна ёс суртахууны хямрал газар аваад байгаа нь харагдаж байна. Үнэхээрийн байдал хэцүү мөнгө төгрөг байхгүй янз бүрийн авлага, өглөгтэй компаниуд байгаа шүү дээ. Гэхдээ үүнийг нь ёс зүйтэй ярилцаад, уучлалт гуйгаад хугацаа хэлээд алдангаа тооцуулаад олон компаниуд хямралыг хамтдаа даваад л явж байна. Хамгийн эмгэнэлтэй улс орныг удирдан залах гэж буй, өөрийгөө их улс төрд бэлдэж байгаа хүн, хөдөө орон нутгийнхаа хөгшчүүл нүүрс түлээ тарааж, сайн хүүгийн дүр эсгэж, “Эрдэнийн Сан Субашид”-аас өдөр алгасалгүй Твиттер-т ишлэл тавингаа, үнэн хэрэг дээрээ бизнесийн наад захын ёс зүйгүй, амьдрал дээр нэг иймэрхүү увайгүй үйлдэл хийгээд явж байгаа нь л эмгэнэлтэй байгаа юм даа.

-Ирсэн материалуудаасаа сонирхуулбал?

-Одоо нэрүүдийг нь хэлээд яахав. Би анхных байлаа гэхэд дараагийн хүмүүс өөрсдөө дуугарч эхлэх байх. Ийм увайгүй нэлээд олон хүмүүсийн өглөг авлагын асуудал байдаг юм байна. Өгөх, авах нь чухал биш. Үүний цаана энэ мөнгөний асуудал, мөн манай компанид хандаж буй энэхүү дээрэнгүй хандлага энэ хүнийг хэн гэдгийг харуулаад байна. Шүүх үнэн мөнийг нь тогтоогоод төлбөр төлөх шийдвэр гаргалаа. Шүүхийн шийдвэр нь олон нийтэд нээлттэй, www.shuuh.mn сайт дээр ил байгаа. Шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан учраас чимээгүй төлбөрөө төлөөд өнгөрч болно шүү дээ. Би энэ талаар НАМЗХ-ын холбооны Ерөнхийлөгч байсан Оюун-Эрдэнэтэй хүртэл уулзаж, танайхан энэ намынхаа нэг нөхөр, НАМЗХ-ын удирдах зөвлөхийнхөө хүнд анхаарал тавиач ээ, иймэрхүү увайгүй юм хийгээд шүүхдээд яваад байх юм гэж хүртэл учирлан хэлсэн. Намынхаа хамт олноос ч ичиж зовдоггүй юм байна гэж ойлгосон.

Олон нүүр гаргаад явдаг хүмүүсийг жирийн иргэд бид хамтраад улс төр лүү оруулахгүйгээр, бидний удирдагч болгохгүй байх тал дээр иргэний зориг гаргаж хамтран ажиллах хэрэгтэй байна. Өр ширтэй, эд хөрөнгө, компаниуд луйвардсан,  хүмүүсээс мөнгө авчхаад өчнөөн жил зугтааж байгаа, эсвэл бизнес нь явахаа байгаад улс төрд орж мөнгө хийх гэсэн есөн шидийн хүмүүс одоо янз бүрийн дүр эсгэн улс төр лүү орохоор гэтэж байна. Зарим нь бүр 2016 оны сонгуулийн ажлуудаа эхэлсэн байна. Тиймээс жирийн иргэн Та бүгдийг  “увайгүй бизнесменийг улс төрд бүү оруул” хэмээн уриалж, өөрт тохиолдсон ижил төстэй хэргүүдийг олон түмэнд ил болгож, нүүрээ нуусан “увайгүй” хүмүүсийг улс орныхоо удирдагч болгож, эх орныг минь одоо байгаа хүнд байдлаас илүү хүнд байдал руу оруулахгүй байх тал дээр анхаараасай гэж хүсч байна. Хэрвээ бидэнтэй нэгдье гэвэл надтай холбогдож болно.  

Эх сурвалж: Өдрийн сонин 


  1. 122.201.24.* Зочин 2015-11-10 15:47
    zoboo zob ene sedbiig hondoj baij niigem eruuljinee tand amjilt
  2. 103.57.92.* дэмжье 2015-11-09 10:53
    Энхжаргалын зөв өө. Шударга ажил хэрэгч эмэгтэй түүнийг дэмжиж байна.
  3. 103.254.120.* багана 2015-11-08 02:19
    яг үнэн үүний эсрэг бүгдээрээ хамтарч хөдлөх хэрэгтэй . үүнийг ил гаргасан Н.Энхжаргалд баярлалаа
  4. 202.126.88.* Erdene 2015-11-07 23:33
    Uls turdgaraaduls ornoo geheeseeiluu uuriinhuu biznes amidraliig uud ni tataad l yavj bgaa shu dee. Gishuudiin diilenh ni setgelgee ni yaduu tur ulsaa tuvhnuulii gsen eh oronch uzel baihgui bna. Hamgiin gol golsalbart tuhain salbariin hamgiin sn meddeg mergejiliin hamgiin lider hunee songomoor. Getel Mongoloos uur uls orond namiin haryalal ambiizaar ajil alba hashdagjishigbaidagiig bi haraagui yum bna. Yagaadulstur luu orohiig hoshuurch guidegiin gol uchir ni ilhen bna. Uuniig nimedseer baij ardtumen ni songochihdog ni hachirhaltai.
  5. 103.229.122.* Tsetsgee 2015-11-07 19:50
    Ner devsheed baisan Dundgobi aimgiin theatraa bas huurch zalilsan gesen shdee
  6. 103.229.122.* Tsetsgee 2015-11-07 19:49
    Huuramch bas hudalch uvaigui Amarsanaa shig buunii nohoinuudaas hol baih heregtei. Uls turuus buur hol bailgah heregtei
  7. 202.9.40.* зочин 2015-11-07 09:18
    Энэ Амаржаргалтай бас л шүүхдэлцэж явлаа өөрөө нуугдаад юу ч мэдэхгүй өмгөөлөгч нэртэй шинэ шинэ хүмүүсийг гүйлгээд бдг нөхөр дөө
  8. 202.9.40.* зочин 2015-11-07 09:19
    Амарсанаа шүү
  9. 103.229.122.* Z 2015-11-06 18:57
    Санжмятав, Эрдэнэ, Алтанхуяг, Ганбаатар гээд үнэхээр увайгүй хүмүүс улс төр нэрээр луйвар хийж амьдарч байгааг мэднээ.