Ч.Сайханбилэг 'Шилэн дансанд төсвийн мэдээллээ оруулаагүй байгууллагын дарга нарын цалинг 20 хувиар хассан"
Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганаар Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар цөөнх гишүүдийн санал авч хэлэлцлээ. Тодруулбал, Чуулганы үеэр Ерөнхий сайд Ч. Сайханбилэг шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хойш өнөөдрийн хүртэл ямар хэрэгжилттэй байсан талаар танилцуулж, цөөнх гишүүд санал дүгнэлтээ хэллээ.
Үндэсний аудитын газраас 5804 ширхэг төсвийн болон төрийн байгууллагад хяналт шалгалт хийж үүнээс 5617 байгуллага нь төсвийн ерөнхий мэдээллээ шилэн дансанд байршуулсан бол 187 байгууллага нь төсвийн мэдээллээ шилэн дансанд байршуулаагүй илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Шилэн дансны хууль 96,8 хувьтай хэрэгжиж байна гэсэн дүгнэлийг гаргасан байна.
Түүнчлэн шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа төрийн болон төсвийн байгууллагуудад хариуцлага тооцож байгаа бөгөөд холбогдох байгууллагын дарга нарын цалинг 20 хүртэл хувиар хассан байна. Тухайлбал, Дундговь, Завхан, Дархан -Уул аймгийн засаг дарга нарын цалин мөн БСШУЯ, Батлан Хамгаалах Яам, Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга нарын цалинг 20 хүртэл хувиар хассан байна. Мөн төрийн өмчит томоохон компаниуд шилэн дансны тайланг хөтлөхгүй байгаа
талаар ярилаа.
Энэ үеэр зарим гишүүд шилэн дансны хуулийг дагаж мөрдөхгүй байгаа байгууллагуудад бүгдэд нь хариуцлага тооцох хэрэгтэй бөгөөд 2016 оны төсөвт тусгасан урсгал зардлаас 30 хувийг хасаж тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэв.