Нийгэм

'Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын III чуулган' болно

Bolor Rose
2015-11-09 01:30

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор 'Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган'-ыг  энэ сарын 11-ний өдөр Мэдээллийн технологийн үндэсний парк-д зохион байгуулна. 

“Дэлхийд танигдъя” уриатай энэхүү чуулганыг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар /МТШХХГ/, Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /МОСА/ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах ажээ.

Чуулганыг дэлхийд танигдсан стартап бизнесийг Монголдоо бий болгож хөгжүүлэх, олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулан хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа стартап компаниудтай туршлага солилцох, АНУ-ын силикон валлейд ажиллаж буй мэргэжлийн экспертүүдээс онлайн зөвлөгөө авах, төр засгийн бодлого, дэмжлэгийг энэ салбар луу чиглүүлэх зорилготойгоор зохион байгуулж байгаа ажээ. Чуулган нь салбар хуралдаан, програм хангамжийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн гэсэн 2 хэлбэрээр болно.

Чуулганд төрийн өндөр албан тушаалтнууд, бодлого тодорхойлогчид, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын байгууллага, үндэсний програм хангамжийн компаниуд, стартап компаниуд болон их дээд, мэргэжлийн сургуулиудын эрдэмтэн, багш судлаачид, бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгч, олон улсын хуулийн фирм, PWC компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцох юм.