Си Зиньпин : Өнөөдөр Хятад, Монголын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ явж байна
Эдгээр өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хийгдэж байгаа анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлогтой төдийгүй хоёр улсын өндөр, дээд түвшний яриа, хэлэлцээний үргэлжлэл юм. Уг айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийсэн байна.
Албан ёсны хэлэлцээний үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин : Өнөөдөр Хятад, Монголын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ явж байна
Өнөөдөр Хятад, Монголын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ явж байна. Өнгөрсөн жил миний бие танай улсад айлчлал хийсэн нь хоёр тал Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо хамтдаа тунхаглаж, хоёр талын харилцааны шинэ үеийг нээсэн түүхэн ач холбогдолтой болсон гэж үздэг. Хятад, Монголын харилцаа нь хоёр улсын хамтын хүчин чармайлтын амжилт, хоёр талын нийтлэг эрх ашигт нийцэж, мөн хоёр талын ард түмний дэмжлэгийг авч амжилттай хөгжиж буйд бид сэтгэл хангалуун байдаг юм. Хятад, Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн найз, сайн түнш бөгөөд бид хоёр улсын харилцаандаа өндөр ач холбогдол өгч, цаашид харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж үздэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : Хоёр улсын хооронд харилцан айлчлалын давтамж нэмэгдэж буй нь улс төрийн харилцан итгэлцлэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой
Энэхүү айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хийгдэж буй анхны төрийн айлчлалын хувьд түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгөх ач холбогдолтой гэж үзэж байна.
Хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, ажил хэргийн уулзалтын давтамж нэмэгдэж буй нь улс төрийн харилцан итгэлцлэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Худалдаа, эдийн засгийн салбар нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн бөгөөд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгаа төдийгүй, хоёр талын худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэх боломжтой юм.
Хоёр тал эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн парк байгуулах, тэргүүний технологийг ашиглан байгаль экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-д экспортлох асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан байнга төвийг сахих статусын тухай Хятадын талд танилцуулсан байна.