Улсын их хурал

Чуулганаар шүүгчдийн цалин хөлсийг бууруулахгүй байх санал дэмжигдлээ

М.Энхмаа
2015-11-11 04:06

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийн хоёр дах хэлэлцүүлгийг хийлээ.  Хуралдааны үеэр Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололоор санал хураалт явуулахад дараах саналууд дэмжигдсэн байна.

Үүнд:

- Эрүүл мэнд спортын яамны төсвийн багцаас дотоодод тэмцээн уралдаан зохион байгуулах төсвөөс 200 сая төгрөг хасах

- Бүх шатны шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүй байх

-  Төрийн өндөр болон улс төрийн, төрийн захиргааны албан хаагчийн цалинг одоогийн түвшнээс бууруулахгүй байх

- Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй байж, сангуудыг хэвээр үлдээх

- МҮОНРТ-д олгож байгаа зардлыг 2,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх

- Ноосны урамшууллын зардлыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх

- Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахгүй байх

- Газрын тосны газрыг Ашигт малтмалын газартай нэгтгэхгүй байх үүднээс гурван тэрбум 36.5 сая төгрөгийг төсөвт нэмж суулгах

зэрэг саналууд багтсан байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд санал хураах асуудалтай холбоотой асуулт тавьж, үг хэлэх санал гаргасан ч УИХ-ын дарга З.Энхболд “ Дэгийн тухай хуулийг зөрчиж байна.” гэсэн тайлбар хэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд, УИХ-ын дарга З.Энхболд “Төсвөө 11-р сарын 15-нд багтааж батлах ёстой, МАН завсарлага авчихвал төсвийн тухай хуулийг зөрчинө. Тиймээс МАН-ын бүлэгт завсарлага өгөх үү, үгүй юу гэдэг дээр санал хураах горимын санал гаргаж байна.” гэжээ.  

Гэвч санал хураах үед гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас санал авах боломжгүй болж МАН-д нэг цагийн завсарлага өгөөд байгаа юм.