Нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг ялгавартай тогтоож шатахууны үнийг зохицуулна
“Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаг “11-11” төвд болжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаагийн ээлжит уулзалтдаа Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн нарыг урьж оролцуулсан байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд "11-11" төвд 25 мянган иргэн санал хүсэлт ирүүлсний 500 орчмыг нь Ерөнхий сайдад хаягласан байдаг бөгөөд нэлээд хувийг нь үнийн өсөлт, шатахууны үнэтэй холбоотой асуулт, санал эзэлдэг ажээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг : Шатахууны үнийн ялгааг арилгах нь Засгийн газрын үүрэг
Манай улсад шатахууны үнэ харилцан адилгүй, өөрөөр хэлбэл хотод арай хямд хөдөөд үнэтэй байдаг. Хөдөө, орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдээ урамшуулдаггүй юм гэхэд шатахууны үнэ тэдэнд торгууль шиг тусдаг энэ ялгааг арилгах нь Засгийн газрын үүрэг.
Газар нутгийнхаа 0,4 хувь буюу нийслэл хотдоо хүн амын тал нь бөөгнөснийг гайхаад байх явдалгүй. Эрх тэгш байх, адил боломжоор хангагдах эрхэм үнэт зүйл замын урт, газрын хол, км-ийн заалтаар өөрчлөгдөж байх ёсгүй. Ховдод, Говь-Алтайд, Хөвсгөлд эсвэл Дорнодод, Сүхбаатарт, Өмнөговьд шатахууны суурь үнэ нийслэл хотынхтой ойролцоо байх нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын гол зорилтуудын нэг юм.
Үнэ харилцан адилгүй байдагт хязгаар нутагт хүргэх тээврийн зардал өндөр гэсэн ганц шалтгаан хэлдэг. Чөлөөт зах зээлд шууд үнэ тогтоодоггүй, тийм нийгэм, цаг үе биш боловч Засгийн газар оновчтой бодлого, шийдэл, уян хатан татвар, санхүүгийн хөшүүргээр зохицуулах учиртай. Энэ хүрээнд Засгийн газраас арга хэмжээ авч байгаа.
УИХ-аас олгосон эрхийн дагуу өнгөрөгч даваа гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэж, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон.
ГТХЭГ-ын дарга Г.Өлзийбүрэн : Орон нутагт шатахууны үнийг бууруулах боломжийг татварын зохицуулалтаар бүрдүүлсэн
Ховд аймагт нэг литр шатахууны үнэ 2100 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна.
Баруун бүсэд шатахууны үнэ төвийн бүсийнхээс 250-400, зүүн бүсэд 120-160 төгрөгөөр илүү байна. Энэ зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломжийг бүрдүүлсэн татварын зохицуулалтыг Засгийн газар гаргалаа.
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх зэрэг боомтоор импортлох нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэж, төвийн бүсэд 400, зүүн бүсийнхийг 270 мянган төгрөг гэхчлэн ялгавартай тогтоосон нь шатахууны үнийн зохицуулалтыг хийх боломжийг бүрдүүлээд байгаа юм.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Нефтийн үнэ дэлхийн зах зээлд буусан энэ үед нөөц, хуримтлалын сан бий болгох чиглэлд Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар хамтарч ажиллах, хязгаар нутгуудын шатахууны үнийн ялгааг арилгах ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг үүрэг болгожээ.