Нийгэм

Орчныхоо цас мөсийг цэвэрлээгүйгээс гэмтсэн иргэний зардлыг тухайн байгууллага хариуцна

М.Энхмаа
2015-11-13 01:44

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба холбогдох байгууллагуудтай хамтран дүүрэг, хороо, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, олон нийтийн байцаагч,иргэдийн бүлэг, хогийн цэгүүдийн ажилтай танилцсан байна.

Шалгалтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын үндсэн баазын үйл ажиллагаатай танилцаж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, эд хөрөнгийн арчлалт, засвар үйлчилгээ, золбин нохой муур устгал, цасны жижүүрийн хуваарь, иргэдийн бүлэгтэй байгуулсан гэрээнд хяналт тавьж, шалгажээ.

Шалгалтын явцад

- Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд машинууддаа GPS төхөөрөмж суурилуулан ажлын явцдаа байнгын хяналт тавьж, иргэдийн хүсэлтийг тухай бүрт шийдвэрлэдэг болсон.

- Олон нийтийн байцаагч нар хороотойгоо хамтран иргэдийн бүлэг ажиллуулж байгаа.

- Цэцэрлэг, ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдэд ил задгай хог хаягдал хаях нь ямар хор уршигтайг ойлгуулахын тулд хүүхэлдэйн киноны баатрын дүрд хувиран жүжигчилсэн тоглолт үзүүлж байгаа

зэрэг үр дүнгээ өгсөн ажлуудыг хийж байгаа нь харагдсан байна.  

Энэ үеэр дүүргүүд аж ахуйн нэгжүүддээ орчныхоо 50м газрыг цэвэрлээгүйгээс иргэд хальтирч унан гэмтсэн бол хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгджээ.  

НИТХ-ын тэргүүлэгчдээс гаргасан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-д иргэн, ААН байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцан, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг аж.

Харин ААН-үүд дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт байдаг.

Өөрөөр хэлбэл ААН, байгууллагууд орчныхоо 50м газрын цас, мөсийг цэвэрлээгүйгээс иргэд хальтирч унан гэмтсэн бол гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн ААН хариуцна.


  1. 103.9.91.* Зочин 2015-11-13 12:30
    ЗӨВ