Засгийн газар

АСЕАМ-ын зочдод үйлчлэх 3000 хүнийг мэргэшүүлэх сургалтад хамруулна

М.Энхмаа
2015-11-13 07:28

Ирэх оны долдугаар сард Улаанбаатарт болох Ази-Европын дээд түвшний  11 дэх уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн яам ACEM-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичгийг байгуулснаар дээд хэмжээний уулзалтад ирэх зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх, шинээр ажлын байр бий болгох ажлыг хоёр тал хамтарч хийхээр болж буй ажээ.

Санамж бичигт :

- Хамтарч ажиллах талууд мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх богино хугацааны сургалт зохион байгуулах

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэг ажиллуулах

- АСЕАМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулах  44 зочид буудалд ажиллах тогооч, талх, нарийн боовчноос гадна зочид буудлын үйлчилгээний ажилтан буюу хаалгач, авто зогсоолын ажилтан, ачаа зөөгч, зочин угтагч, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан, зөөгч, бармен, хөтөч, тайлбарлагч гэсэн мэргэжлээр ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж 3000 хүнийг хамруулах

- Мэргэшүүлэх сургалтад хамрагдах хүмүүсийн 30-аас багагүй хувьд нь бүртгэлтэй ажилгүй иргэдээс авах

зэрэг заалтуудыг тусгасан байна.

Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан :

 “Санамж бичгийн хүрээнд нийт 896 ажилгүй хүнийг зочид буудлын үйлчилгээ, түүнтэй холбогдох мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд хамруулж, ажлын байранд зуучлах бөгөөд ACEM-ын уулзалтын  зочид,  төлөөлөгчдийг байршуулах 44 зочид буудлын 2091 ажилтанд орчин үеийн зочид буудлын үйлчилгээ, үйл ажиллагааны мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулна.

Түүнчлэн ACEM-ын  уулзалтын  зочид,  төлөөлөгчдөд үйлчлэх 600 хөтөч, тайлбарлагчдыг санамж бичгийн хүрээнд зохион байгуулалттайгаар сургаж, холбогдох байгуулагуудын оролцоотойгоор үйл ажиллагааг зохион байгуулна. Сургалтыг онол дадлага хосолсон хэлбэрээр явуулахдаа мэргэшсэн зөвлөх, шинжээч, мастер багш нарын хамруулж зочид буудлуудад одоо ажиллаж байгаа болон шинээр авах хүмүүсийн ур чадварыг сайжруулж, мэргэшүүлэх юм. Энэ сургалтын зардлыг манай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргана. Урьдчилсан тоцоогоор 300 гаруй сая төгрөгийг сургалтад зарцуулахаар төлөвлөсөн. Харин сургалтанд хамрагдсан ажилгүй иргэдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг ажлын хэсэгт ногдож байгаа.” хэмээн мэдээлэл өгсөн байна.

Мөн хамтран ажиллах санамж бичигт АСЕМ-ын зочдод зориулан гаргах бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах цэгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг зарж, борлуулахад анхаарахаар тодорхой заалт оруулжээ.

Тодруулбал, энэ үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг авсан иргэдэд илүү боломж олгох бөгөөд бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэгүүдийн байр, талбай, түүний урсгал зардал, тохижилт, үйлчилгээ, худалдааг ажлын хэсэг хариуцаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс түрээсийн болон бусад төлбөр авахгүйгээр үйл ажиллагааг зохион байгуулна.