Спорт

“Дэлхийн пауэрлифтингийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна

М.Энхмаа
2015-11-13 09:37

Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Дэлхийн пауэрлифтингийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн”-ийг 2015 оны 11 дүгээр сарын 9-15-ны өдрүүдэд Люксембургт зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга тэргүүтэй баг тамирчид оролцож байгаа ажээ.

Энэхүү Дэлхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний үеэр мөн Олон улсын пауэрлифтингийн холбооны Удирдах зөвлөлийн хурал болж 2018 онд болох “Дэлхийн Пауэрлифтингийн Мастеруудын аварга шалгаруулах тэмцээн”-ийг хүлээн авч зохион байгуулах улсыг сонгосон байна. Энэхүү сонгуульд Монгол Улс, Өмнөд Африк хоёр өрсөлдөж, Монгол Улс санал нэгтэйгээр дэмжигджээ.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ оны 11 дүгээр сарын 5-6-нд Люксембургт болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Олон улсын пауэрлифтингийн холбооны Ерөнхийлөгч Гастон Паражтай уулзаж, “Дэлхийн Пауэрлифтингийн Мастеруудын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2018 онд Монгол Улсад зохион байгуулах Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбооноос ирүүлсэн хүсэлтийг биечлэн уламжилж, Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн нь энэхүү сонгуульд гишүүдийн дэмжлэгийг авахад чухал ач холбогдолтой байсан аж.