Бүх шатны төсөвт байгууллага хэмнэлтийн горим мөрдөнө
Өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталжээ.
2016 оны нэгдсэн төсөвт дараах өөрчлөлтүүдийг тусгасан байна.
- Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй
, Худалдан авах ажиллагааны газар, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын албыг татан буулгахгүй болсонтой холбогдуулан урсгал зардлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж тооцсон.
- Бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр бууруулсан
- Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр бууруулсан
- Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төслөөс хасч, 79.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгасан
Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэж байгаа аж.
Түүнчлэн байнгын хороо төсөв батлагдсантай холбогдуулан зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт тогтоолоор үүрэг өгөх нь зүйтэй гэж үзжээ.
Үүнд :
-Хууль зүйн сайдын багц дахь Мөрдөн байцаах албаны конторын барилгын концессын асуудлыг шийдвэрлэх, уг барилгыг Улсын нэгдүгээр эмнэлгийн амбулаторын зориулалттай барилга болгож, дуусгах хөрөнгийн талаар санал боловсруулах
- Улсын нэгдүгээр төв эмнэлгээс санаачилсан “Нэг эмнэлэг-хоёр жигүүр” төслийн хэрэгжилтийн талаар УИХ-ын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэх
-Зам тээврийн сайдын багцын авто замын төсөвт өртгийг залруулах, нэмэгдүүлэх шаардлагатай ажлуудын асуудлыг Засгийн газар тусгайлан судалж, холбогдох шийдвэр гаргах
-УИХ-аас концессоор хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн төсөл, арга хэмжээг 2016 оны 1 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэх
-Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбарын байгууллагаас бусад бүх шатны төрийн байгууллагуудын цалингийн санг 10 хувиар бууруулсантай холбогдуулан Төсвийн ерөнхийлөн захирагчид батлагдсан урсгал зардлыг төсвийн ангилал хооронд зохицуулалт хийж, өр авлага үүсгэхгүй ажиллах,
-Бодит гүйцэтгэл нь 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа боловч санхүүжилтийг 2015 онд бүрэн олгож чадаагүй төсөл арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, дүнг Монгол Улсын 2017 оны төсөвт тусгах
гэсэн асуудлууд багтсан байна.