Бусад

Индонезийн Жава аралд Монгол отог байгуулахаар судалж байна

М.Энхмаа
2015-11-16 02:26

Монгол улсаас Индонез улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Ш.Батцэцэг Индонезийн "Жабабека" группийн Ерөнхийлөгч болон Номхон далай, Азийн орнуудын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Cэтионо Жуанди Дармоно нартай ажил хэргийн уулзалт хийжээ.

"Жабабека" групп нь Жава арлын баруун эрэг дахь аялал жуулчлалын тусгай бүс "Танжунг Лэсунг"-д аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулахаар зорин ажиллаж байгаа бөгөөд тус бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Монгол отог байгуулахаар судалж эхлээд байгаа аж.

Энэ үеэр элчин сайд Ш.Батцэцэг Монголын аялал жуулчлалын хөгжил, Монгол отог болон гэр, ахуй, зан vйлийн талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол орныг тал бүрээр нээн үзүүлж, дэлхий дахинд сурталчлан таниулахад Монгол Улсын Засгийн газар ихээхэн анхаарч байгааг онцлон дурьдсан байна.

Тэрээр 2016 онд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэхүү төслийг хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон санаачлага болохыг сайшаан тэмдэглэжээ. Мөн Индонез иргэдийн Монголын тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд "Жабабека" группын санал санаачлага их чухал үүрэгтэйг онцлоод энэхүү төслийн хүрээнд Монголын зан үйл, ахуй, уламжлалтай холбоотой мэдээлэл, судлах материал, зөвлөмжөөр дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.