Японы Нагояа их сургуулийн Нобелийн шагналтны лабораторид залуу судлаачдыг сургана
БСШУЯ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар, Нагояа Их Сургуулийн Нобелийн шагналт Проф. Амано Хироши гуай 2016 оны гуравдугаар сард Монгол улсад айлчлахаар төлөвлөж байгаа аж. БСШУЯ-ны хүсэлтээр Проф. Амано Хироши багш өөрийн судалгааны лабораторид Монголын өсөх ирээдүйтэй залуу судлаачдыг богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэн сургаж, ШУ Боловсролын салбар дахь Монгол Японы хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаа мэдэгдсэн байна.
2016 оны дөрөвдүгээр сараас хойш эхлээд богино хугацаанд үргэлжлэх тус сургалтыг Нагояагийн ИС, БСШУЯ, Инженер Технологийн Дээд Боловсрол төслийн нэгж, МУИС, ШУТИС-ын холбогдох баг бүрэлдэхүүн хамтран зохион байгуулаж байгаа ажээ.
Нобелийн шагналт профессор багшийн лабораторид дэлхийд тэргүүлэх судалгааны ажилд оролцож, ШУ-ны оргилд хүрэх өндөр хүсэл эрмэлзэлтэй, гадаад хэлний болон мэргэжлийн өндөр ур чадвартай 5-10 залуусыг сургах уг сургалтын эхний шатны сонгон шалгаруулалт энэ сарын 27-ны өдөр явагдах ажээ.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй залуус энэ хаягаар нэвтэрч бүртгүүлэх бөгөөд бүртгэл авах сүүлийн хугацаа энэ сарын 26-ны өдөр юм байна. Бүртгэлд хамрагдагсад мэргэжлийн ур чадвар болоод гадаад хэлний түвшингийн хувьд дараах нөхцөлийг хангасан байх шаардлагатай ажээ.
Үүнд :
- Баклавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Физик математикийн өндөр суурь мэдлэгтэй
- Туршилт судалгаа хийх чадвартай
- Амано багшийн лабораторид хийгдэж буй судалгаа хөгжүүлэлтийн ажилтай ижил төстэй судалгааны ажил, Нарны зайн технологи, Хүчний электроникийн чиглэлээр судалгаа хөгжүүлэлт хийж байсан туршлага, туурвисан бүтээлтэй байх
- Англи хэлний TOEFL PBT 500, IELTS 5.0 ба түүнээс дээш оноо, Япон хэлний түвшин тогтоох JLPT N2 түвшин ба түүнээс дээш байх
Бүртгүүлсний дараа доорх бичиг баримтыг бүрдүүлж [email protected] ; [email protected] хаягаар хавсарган илгээх юм байна.
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Бакалавр /магистрын/ дипломын хуулбар, Англи хэл дээр
- Англи /Япон/ хэлний шалгалт өгсөн батламжийн эх ба хуулбар /сүүлийн 2 жил дотор өгсөн байх/
- Ажлын газрын тодорхойлолт
- Удирдагч профессор багшийн тодорхойлолт
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, Англи хэл дээр
- Суралцах төлөвлөгөө, Англи хэл дээр